Шинээр 108 хүнд коронавирусын халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын тархалт, халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гуравдугаар сарын 8-нд нийт 13269 хүнд коронавирусын шинжилгээ хийхэд, 108 хүнд коронавирусын халдвар илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байгаа юм.
- Хоёрдугаар сарын 25-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс,
- Гуравдугаар сарын 5-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 421 болов.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн 105 тохиолдлын 54 нь УДЭТ–тай холбоотой халдвар бүртгэгдлээ. Драмын театрын нэг жүжигчин халдварт өртсөнөө мэдэхгүй хөдөө тоглолтоор явсан байна.
Ингээд тоглолт үзсэн, хавьтал болсон 119 хүнээс урьдчилсан байдлаар шинжилгээ авахад 54 хүнээс коронавирус илэрсэн. Бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа юм.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо. Үүнээс 2,588 буюу 77.5 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байна.
Мөн коронавирусийн халдвартай хүнд биетэй байсан нэг хүн бөөр, сахарын дутагдлаар нас барлаа.
ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан зарласан тоглолтуудаа цуцлах уриалгыг гаргаж байна.”