Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгав
Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгажээ.
Тодруулбал, Б.Чойжилжалбууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг …дарамталсан, …сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээрСүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж байв.
Үүний дагуу түүнийг цагдан хорих хугацаа удахгүй дуусах байсан ч прокурорын байгууллагаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлснээр шүүхээс гуравдугаар сарын 7-ны өдөр цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгаж шийдвэрлэжээ.
Сануулахад, Хөгжлийн Банк чанаргүй гэдэг ангилалд багтсан зээлүүдээ нийтэд зарлан, уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаад буй. Үүнтэй холбогдуулан зээлээ төлөөгүй, чанаргүй зээлдэгчдийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхлээд байгаа билээ.