БНСУ-н 20 дохь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө
Өчигдөр явагдсан БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн шөнө гарч сөрөг хүчний сөрөг хүчний хамгийн том нам болох консерватив үзэлт Ардын хүч намын нэр дэвшигч Юн Сук Ёол ялалт байгууллаа.
БНСУ-ын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч таван жилийн хугацаатай нэг удаа сонгогддог. Цар тахлын халдвар өндөр байгаа ч сонгогчдын ирц 77 хувьд хүрч байгаа нь дэлхий бусад улсуудынхтай харьцуулахад ирц хамгийн өндөр байгаа тохиолдол юм.
Сонгуулийн өмнөх санал асуулгын дүнгээс харахад эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён болон Ардын хүч намын нэр дэвшигч Юн Сук Ёол нарын аль нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаар байсан юм.
Ерөнхийлөгчийн сунгаанд ялалт байгуулсан Консерватив үзэл баримтлалтай Ардын хүч намаас нэр дэвшигч Юн Сук Ёолыг аз од нь гийсэн прокурор гэж БНСУ-ын хэвлэлүүд нэрлэдэг. Тэрээр тус улсын хоёр экс ерөнхийлөгч, Самсунг компанийн тэргүүн, тус улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч нарын өндөр түвшний авлигын гэмт хэргийг илрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэнээрээ ард түмний дунд нэр хүнд олж авсан юм.
Юн Сук Ёол өнөөгийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газар болон эрх баригч Ардчилсан намыг орон сууцны үнэ тэнгэрт тулж, орлогын тэгш бус байдал нэмэгдсэнд буруутгаж сонгуулийн сурталчилгаа хийсэн. “Саяхныг хүртэл би улс төрд орно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ ард түмэн намайг одоо байгаа байр сууринд тавьж, чадамжгүй, авлигад идэгдсэн Ардчилсан намыг төрөөс зайлуулах даалгавар өгсөн” хэмээн сонгуулийн уулзалтын үеэр мэдэгдсэн.
Тэрээр өнгөрсөн жил ерөнхий прокурорын суудлаасаа бууж, консерватив Ардын хүчний намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Юн Сук Ёол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болсон анхны прокурор болж байна.
А.ТЭМҮҮЛЭН