“Иргэн Ч.Мөнхбаяр өөрөө ч мэдэлгүй гадаадын тагнуул болсон”
Өнгөрсөн хоёрдугаар сард “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” гэх төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Мөнхбаярт ТЕГ-аас хэрэг үүсгэн цагдан хорисон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Хэргийг тодруулбал, иргэн Ч.Мөнхбаяр нь үндэсний аюулгүй байдлын эсрэг гадаадын тусгай албаныханд төрийн нууцыг худалдаалж хамтран ажилласан гэх зүйл заалтаар хэрэг үүсгэсэн.
Түүний өмгөөлөгч энэ хэргийн тухайд хэвлэлд мэдээлэл өгөхдөө,
“Ч.Мөнхбаярыг Монгол улсын аюулгүй байдалд заналхийлж, үйлдэл дээрээ баригдсан гэж хэвлэлээр мэдээлж нийгэмд буруу ойлголт өгч байна. Гадаадын байгууллагын хүнтэй харилцсан хангалттай нотлох баримт байхгүй байгаа. Харилцсан ч төрийн нууцыг задруулсан гэдэг нь тодорхойгүй.
Иргэн Ч.Мөнхбаяр нь элэг нэгт Өвөрмонголчуудад тусалж дэмжиж байсныг хүн бүр мэднэ. Хууль тогтоогчид сэтгүүлзүйтэй хамтарч Ч.Мөнхбаярыг санаатайгаар хэрэг үүсгэж байна. Zarig.mn хамгийн анх түүний мэдээллийг нийтэд ил болгосон нь дээрх хэргийг зохиомлоор үүсгэсэн гэх хардлага төрүүлж байна. Сэтгүүлчид ор үндэсгүй гадаадын байгууллагуудыг зарласан.
Хэрэв ТЕГ иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуул гэж мэдсэн бол яагаад урьдчилан сануулга өгч, Монгол улсын иргэний эрхийг хамгаалж болоогүй юм бэ? Өөрөө ч мэдэлгүй гадаадын тагнуул гэж гүтгүүлсэн Ч.Мөнхбаярын хэрэг хүн бүрд тохиолдож болно. Гэхдээ улс төрийн захиалгатай хэлмэгдүүлэлтийн хэрэг үүсгээд байна. Zarig.mn зарласан гадаадын байгууллагад Англи хэлээр мэдээлэл өгсөн гэсэн байсан Ч.Мөнхбаяр Орос л хэлтэй хүн. Өнөөдөр айл бүрт гадаад валют байгаа. Гэрт нь гадаад валют байсан, гадаад хэлний мэдлэгтэй гэх шалтгаанаар тагнуул гэж гүтгэж байгаа бол хүн бүр гэмт хэрэгтэн болох нь байна”