Өвөрхангайд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт, зөвлөгөөн болж байна
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг болон бусад албаныхан Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцан, “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөхөөр Өвөрхангай аймагт ажиллах байна. Энэ үеэр “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтод жил, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт, зөвлөгөөнд оролцож байна.
Тус аймаг 2020-2024 онд Хот орчмын ойжуулалтыг өргөтгөх замаар төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, өмнөх жилүүдэд байгуулагдсан цэцэрлэгжүүлсэн талбайн чанар, иж бүрдэл, өнгө төрхийг сайжруулах, Арвайхээр хотын ногоон байгууламжийн хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхээр зорьжээ.
Зөвлөгөөний нээлтийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ:
Өвөрхангай аймгийн хувьд ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 4,7 орчим хувийг эзэлдэг бөгөөд шилмүүст болон заган ойтой.
Жилд дунджаар 150 мянга гаруй ойн суулгац бэлтгэн гаргаж байгаа нь аймгийн зүгээс амлалт авсан 20 сая мод тарих ажлыг бодитой болгох, агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуу үеийг түлхүү оролцуулах, тэдний ирээдүйг хамтдаа бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Өвөрхангай аймагт Бүгд Найрамдах Солонгос Улсын санхүүжилтээр “Ногоон хэрэм” төслийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх болсон нь тус улсын тэргүүлэх туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн дэмжлэг авах бүрэн боломж байгааг тодотгон хэлээд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх ажилд амжилт хүслээ.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам