|

Хүүхдүүдийн дунд Covid-19-өөс гадна цахилгаан менингитийн халдвар тархах эрсдэл өндөр байгааг ЭМЯ-аас анхааруулж байна

Хүүхдүүдийн дунд Covid-19-өөс гадна цахилгаан менингитийн халдвар тархах эрсдэл өндөр байгааг ЭМЯ-наас анхааруулсан. Иймд гол төлөв хэдэн насныхан энэ төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлтэй болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-өөс тодрууллаа.

МЕНИНГИТ ӨВЧНИЙ ЭХ ҮҮСВЭР НЬ ЭЦЭГ, ЭХЭЭС ХҮҮХДЭД ХАЛДАХ НЬ ИХ

Цахилгаан менингит гэж нэрлэсэн нь халдварын тархалт богино хугацаанд явагддаг аж. Өвчлөлийн үед илрэх шинж тэмдэг нь өндөр халуурах буюу 38-40 хэм халуурах, цусархаг улаан тууралт гарч илэрдэг байна. Эмчилгээг эрт эхэлбэл хүндрэхгүй байх боломжтой.

Менингитийн гол эрсдэл нь 6-8 цагийн дотор хүндрэх эрсдэлтэй. Нянгаар үүсгэгддэг учир насанд хүрэгчдээс хүүхдэд халдах тохиолдол их. Хоолой, залгиурт нь байгаа нян хүүхдэд дамжих, бусдад тархах эрсдэл их байдгийг анхаарууллаа.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр нийт өвчлөлд өртсөн хүмүүсийг авч үзвэл тав хүртэлх насны хүүхдүүд 90 хувийг эзэлж байгаа гэсэн юм. Судалгаанаас харахад хүндрэх шалтгаан нь эмнэлгийн байгууллагад оройтож хандах. Тиймээс шалтгаангүй халуурч л байвал өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй байна.

ОН ГАРСНААС ХОЙШ ХОЁР ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, НЭГ НЬ НАС БАРСАН

Менингит халдварын үед хүүхдийн дархлаа суларсан байдгийг анхаарах хэрэгтэй аж. Зүй тогтлын хувьд 5-6 жилийн давтамжтай байдаг. Энэ төрлийн өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд гэнэт өндөр халуурах, хоолны дуршил буурах, ядарч, сульдах шинж тэмдэг илэрдэг байна. Мөн хурц гэрэл, чанга дуу чимээнд хэт мэдрэг болж, 1-2 цагийн дараа биеэр нь цусархаг тууралт гарах зэрэг шинжээр танигдах аж. Цахилгаан менингитийн тухайд ихэвчлэн гэрээр хүмүүждэг хүүхдүүд өвдөх нь нэмэгдсэн. Хүндрэл, эрсдэл их учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих нь зөв байна.

Иргэд сайн дурын үндсэн дээр менингитийн эсрэг вакциныг 22 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой аж. Тархвар судлалын дагуу тохиолдлын хавьтагч болсон иргэд болон хоёроос дээш насны хүүхдүүд хийлгэх нь тохиромжтойг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Менингит нь менингокоор үүсгэгдэж, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Тэр дундаа бага насныхан өвдөх эрсдэл их. Хэрэв шинж тэмдэг илэрч, хүүхдийн бие дээгүүр тууралт гарвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Он гарснаас хойш хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг нь нас барсан байна. Тус халдвар нь манай оронд 8, 10, 15 жилийн үечлэлтэй дэгдэн тархаж байгаа аж. Энэхүү халдвараас сэргийлэх вакцины үр дүнд өвчлөл жилд маш цөөхөн тохиолддог, мөн эл өвчинтэй нүүр тулж байнга ажиллаж байгаагүйн улмаас өөр өвчин эмгэгтэй андуурч оношлогоо оройтох талтай байдаг байна. Тухайлбал, уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүт тууралт гардгаар нь улаан бурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг аж.

Менингит халдварын эмнэлзүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч, улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрдэг байна.

Мөн халдварын бас нэг онцлог нь өвчин эхэлснээс хойш 24 цагийн дотор лабораторийн шинжилгээнд уг өвчнийг оношлоход өөрчлөлт тод илэрдэг гэсэн юм.

 

Эх сурвалж: news.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *