Н.Учрал хүүхдүүдээ зориулж шүлэг бичжээ
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өөрийн цахим хуудаст ийн бичжээ.
“Өнөөдөр миний аав болсон өдөр. 13 жилийн өмнө миний охин аав, ээждээ, өвөө, эмээдээ мишээл цацруулж баяр бэлэглэж хорвоод мэндэлсэн.
Аав хүний эрхэм алдрыг олгосон ухаалаг, бүтээлч, зөв хүмүүжил төлөвшилтэй сайхан охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Хорвоод тээж төрүүлсэн ээжид нь, хайртай ханьдаа баярлалаа.
Өнгөрсөн жил аав нь хүүхдүүддээ зориулж хүнд өдрүүдийн уртад бичсэн сэтгэлийн мөртүүдээ бичмээр санагдлаа.
Үүр шөнийн зүүдэндээ ч эрээд тэмтрэх гарыг чинь
Өглөө бүр аавыгаа сэрээд хайдаг дууг чинь
Үнсэх зөөлөн хацрыг чинь үгүйлээд байдаг болохоороо
Хөөрхөн төрсөн охиноо орхиж би чадахгүй
Аав хэмээх алдрыг анхлан надад хүртээсэн
Аз жаргалын амтыг асах зүрхэнд мэдрүүлсэн
Уяхан энхрийхэн охиноо ураг барилдуулах байж
Урьд өмнө нь яваад өгөх ухаан надад байхгүй
Гал голомтыг минь бадраах гал цогтой хүүгээ
Гарыг нь ганзаганд хүргэх эрхэм үүргээ умартаад
Эцгийн хайранд өссөн энх жаргалыг нь таслаад
Энэ орчлонд өнчрүүлээд орхиж би чадахгүй
Амин хайрын минь үргэлжлэл алдрай үрс минь та нарыгаа
Алаг хорвоод түшээд тэнцүүлэх учиртай байж
Үнэн, худлын утгыг ч таниулж хэлээгүй атлаа
Үрс минь та нарыгаа аав нь орхиж явж чадахгүй
Сайн нь муугаас олон ч саар нь давах гээд байдгийг
Санаа зөв явахад заяа нь зөв оршдогийг
Сайн муугийн учрыг сайтар хэлээгүй болохоор
Санаа амар аав нь яваад өгч чадахгүй
Аав, ээжийх нь хайр шиг гэгээн хайр ховрыг
Ачлал буяныг нь дааж ахмадаа тэтгэх ухааныг
Асар их үнээр ч олдохгүй амьдралын үнэнийг
Амжиж хэлээгүй болохоор амар явж чадахгүй
Ээжийг чинь хайрлах хайр минь ундарч байгаа болохоор
Энх тунх амьдрах эрмэлзлэл дүүрэн болохоор
Ээж, аавын элбэрлээр энэрч өсгөсөн болохоор
Энхрий үрс минь та нарыгаа аав нь орхиж чадахгүй” гэжээ.
Б.ЖАРГАЛ