С.Зориг агсны хэргээр 20 жилийн хорих ял сонссон Т.ЧИМГЭЭ СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс 20 жилийн хорих ял сонссон Т.Чимгээтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хуульзүйн сайд Х.Нямбаатар нар очиж уулзсан. Уулзалтын дараа ялтан Т.Чимгээ сэтгүүлчдэд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр “2015 оны 8-р сарын 31-нд Төв аймгийн цагдан хорих байранд маш хүнд нөхцөлд байсан. Ариун цэврийн хэрэгсэл байхгүй, усанд орж чадахгүй, агааржуулалтгүй, зоорийн өрөөнд 9 сар хоригдсон. 2017 оны 5-р сард хорих 407-р анги руу шилжсэн боловч байдал өөрчлөгдөөгүй, дарамт шахалтанд нэг жил 7 сар хоригдсон. 2019 оны 3-р сарын 20-нд 401-р хорих ангид ирснээр эмчлүүлж, нөхцөл байдал дээрдсэн.
Миний амьдралыг 5 жил 7 сар орвонгоор нь эргүүлж, эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон. Хар дарсан зүүд шиг амьдрал 5 жил 7 сар үргэлжилж байна. Намайг хэлмэгдэж энд ирснээс хойш нэг жилийн дараа охин маань осолд орсон. Ослыг энэ хэрэгтэй холбоотой гэж харддаг.
Дахин шалгуулмаар байна. Миний өндөр настай эцэг эх орон гэргүй, хөлсний байраар амьдарч байна. Намайг зөвхөн Амгаланбаатарын ярьснаар л намайг буруутгадаг, ямар ч баримт байхгүй. Хэрэг гарах үед би Дорноговь аймагт ээж дээрээ байсан” гэх зэргээр ярьлаа.
Ялтан Т.Чимгээ: 5 жил 7 сар хар дарсан зүүд шиг амьдарч байна
Ялтан Т.Чимгээ: 5 жил 7 сар хар дарсан зүүд шиг амьдарч байна
Posted by Ivoice.mn on Sunday, March 7, 2021
Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Т.Чимгээ нь 2015 онд согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглэсэн боловч ямар ч мэдээгүй болтлоо унасан. 50 грамм хүрээгүй шингэний дараа ухаан мэдрэлгүй болсон гэж мэдүүлдэг. Энэ хүний хуруу гарын хээ зэрэг бүх мэдээллийг авч, нүцгэлэн зургийг нь авч, бичлэг хийсэн. Энэ хэргийг өөрийнх нь зөвшөөрснөөр шалгах болно. Мөн захиалагчтай холбоотой асуудлаар нэг ч удаа Т.Чимгээгээс байцаалт мэдүүлэг аваагүй байна” гэлээ.