Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голыг бохирдуулах аюултай тул устгал хийхийг анхаарууллаа
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км байна.
Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав газруудын 65-85 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.31 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голын савын 20-40 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.27 шоо.км байна.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:
- Том жижиг гол, сайр жалганы эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдэллэх,
- Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
- Амьтны сэг зэмээр цасны ус дамжин гол руу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.
Т.ТҮВШИН