|

Замын-Үүдийн тээвэрчдийн төлөөллийг хүлээн авч, санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан  дэд ажлын хэсэг Замын-Үүд боомтын экспорт, импортын ачааг нэмэгдүүлэх, чингэлэг тээврээр нэвтрүүлэх зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд тээвэрчид болон тээвэрчдийн төлөөлөл Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээврийг зогсоохыг шаардаж эхэлсэн.

Тус асуудалтай холбоотойгоор гуравдугаар сарын 14-ны өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон холбогдох албаныхан тээвэрчдийн төлөөлөлтэй уулзан, санал солилцлоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Төр, засгаас гаргасан шийдвэрийг хүндэтгэн, дагаж байгаа тээвэрчид болон, тээвэрчдийн төлөөлөлд юун түрүүнд талархал илэрхийлэх нь зүйтэй. Задгай тээвэрлэлт эхлүүлэх хүсэлтийг БНХАУ-ын талд удаа дараа тавьсан. Одоогоор БНХАУ-д цар тахлын онц дэглэм буураагүй, халдвар, хамгааллын дэглэм сахиж байна. Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдвэл дахин шинэ зохион байгуулалтад орох хүртэл 28 хоног орчим тээвэрлэлтийг зогсооно гэсэн хариу ирсэн. Цаашид хэр хугацаанд чингэлгээр тээвэрлэхийг бидний зүгээс тогтсон хугацаа хэлэх боломжгүй. Харин жолооч нартайгаа уялдаа холбоотой, үйл ажиллагаагаа нээлттэй ажиллахыг боломжит бүх хувилбараар дэмжинэ” хэмээн хэлэв.

 

 

Үүний дараа Зам,тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “БНХАУ-ын талаас манайд тавьсан шаардлага нь жолооч нарыг уулзуулахгүйгээр хоёр улсын хилийн тэг цэг дээрээс бараа, материалыг татаж авах горимд шилжихийг мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар импортын ачааг тасалдуулахгүйн тулд энэ шаардлагыг хүлээж авахаас өөр арга байгаагүй. Энд хэн нэг хүний хувийн ашиг сонирхол байхгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд задгай тээвэрлэлтийг явуулах боломж хомс байна. Шадар сайдын хэлсэнчлэн удаа дараа хүсэлт тавьсан. Тодорхой хариу өгөөгүй. Манай улс цар тахлын улаан түвшнээс шар түвшинд шилжсэн. Харин БНХАУ-ын хувьд энгийн горимд шилжээгүй байна. Сүүлийн хэд хоногт л гэхэд тус улсад коронавирусийн халдвар нэмэгдэж байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс харж болно. Бидний зүгээс хятад улс цар тахлын жирийн дэглэмд шилжвэл тээвэрлэлтийг хэвийн явуулах боломжтой гэж харж байна. Харин тэр болтол тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлж, хэрхэн хуучин горимоор явуулах ямар боломж байна вэ гэдгийг судлан, санал, хүсэлтээ Гадаад харилцааны яамаар дамжуулан хүргэнэ” гэв.

 

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “БНХАУ-ын талаас чингэлэг тээврээр явуулах санал бүхий нот бичиг болон хуулбарыг нээлттэй үзүүлж болно. Чингэлэг нь одоогоор коронавирусийн халдвар тархаахгүй тээвэрлэх хамгийн сайн хувилбар байна. Үүнээс илүү хувилбар байвал Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын талд санал тавих бүрэн боломжтой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Хэлэлцүүлгийн төгсгөлд, Шадар сайд С.Амарсайхан үүрэгт ажлаа бүрэн биелүүлээгүй Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Замын-Үүд сум дахь  зарим албан тушаалтанд хариуцлага тооцохыг,

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Замын-Үүд боомтод үүсэж буй бэрхшээл, түүнийг шийдэх гарцыг судлах ажлын хэсэгт жолооч нарын төлөөллийг оролцуулан байгуулахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн удирдлага, мэргэжилтнүүдэд үүрэг болгов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *