Хүүхдүүд өөрийн амьдарч буй орчин тойрныхоо ээлтэй байдлыг “ДУНД” гэж үнэлжээ
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр НЗДТГ-т зохион байгуулагдлаа.Хурлаар 2 төрлийн судалгаа, тайлангийн дүгнэлтийг хэлэлцүүлжээ.
Анхаарал татсан үзүүлэлтүүдээс дурдвал 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд СӨБ-д 641 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдсаны 233 эмэгтэй, 408 эрэгтэй хүүхэд байгаа бөгөөд 495 нь төрөлхийн, 146 нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байна.
Нийслэлийн хэмжээнд 2020 оны байдлаар 392 хичээлийн байр байгаагаас 51 стандарт бус, 62 түрээсийн байранд, 242 спорт заалтай, 174 нь урлагийн заалтай байна. Нийслэлийн хэмжээнд 2020 оны байдлаар 558 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ үзүүлэлт 2016 оноос 33, 2019 оноос 91 хүүхдээр буурчээ.
Хөгжлийн бэрхшээлийн төрлөөр нь авч үзэхэд хөдөлгөөний бэрхшээлтэй 177, аутизмтай 130, дауны хам шинжтэй 176 хүүхэд байгаа нь хамгийн олон байна.
Мөн Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Онол арга ТББ хамтран зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй орчин” өөрийн буюу хүүхэд багачуудаар үнэлүүлсэн үнэлгээний тайланг танилцууллаа.
Тус үнэлгээгээр 5 бүлгийн орчны үнэлгээнд хүүхдүүд өөрийн амьдарч байгаа орчин тойрноо үнэлсэн бөгөөд үнэлгээний дүн 59% буюу хүүхдэд ээлтэй байдал дунд гэж үнэлэгдсэн. Үнэлгээний үр дүнг үзүүлэлт бүрээр танилцуулж хүүхдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг танилцуулсан байна.
Эх сурвалж: Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Т.ТҮВШИН