Казахстанаас хөөгдөх Монгол оюутнуудыг сургууль нь хамгаалж авч үлджээ
Өнгөрсөн нэгдүгээр сард Казахстанд энгийн иргэд болон цэрэг, цагдаа нарын дунд үймээн гарч 230 хүний амь нас хохирсон харамсалтай үйл явдал болсон. Энэхүү хэрэгт оролцсон хэргээр гадаадын 19 иргэн ял эдлэхээр болоод байгаа юм.
Тэгвэл манай оюутнууд ч үймээн жагсаалд оролцсон хэргээр баривчлагдаж, сургууиасаа хасагдаж, Казахстанаас хөөгдөх дөхсөн байна.
Тэдэнд Павлодарын шүүхээс 15 хоног баривчлах, Казахстанаас хөөн гаргах шийтгэл оноосон ч олон нийтийн байгууллага болон сургууль нь хамгаалсны ачаар Шүүхээс шийдвэрээ өөрчилж, үлдэж чадсан байна.Павлодарын Багшийн дээд сургуулиас энэ хэргийн талаар “Монгол оюутнууд томоотой сайн, олон нийтийн ажилд идэвхтэй. Энэ жил төгсөх ангийн хүүхдүүд. Сургуулиа төгсөх ёстой” гэж мэдэгдсэн гэнэ.
Тэдний нэг Расулан Казахстаны телевизэд ярилцлага өгөхдөө “Нэгдүгээр сарын 5-нд бид гурвуулаа гудамжинд болж байгаа жагсаалыг сонирхоод гарч үзсэн. Засгийн газрын эсрэг ямар нэг бодол санаа байгаагүй. 7-нд бидний баривчилж, тэр өдрөө Шүүх хурал болсон. Шүүхээс 15 хоног баривчилж, Казахстанаас хөөн гаргах шийтгэл оноосон. Харин манай сургууль бидний хамгаалж үлдээлээ. Бид гурав 11 хоног баривчлагдаад суллагдсан” гэж ярьжээ.