“ОХУ, Украины нөхцөл байдлаас хамааран зөвхөн эдгээр улсаас нийлүүлдэг 10 төрлийн эм тасалдах эрсдэлтэй”
Өчигдөр болсон /2022.03.17/ УОК-ын хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг ЭМЯ, ХӨСҮТ-д хариуцуулах шийдвэр гаргажээ.
Ингэхдээ, БНХАУ-д цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсаас татан авдаг эм, эмнэлгийн хэрэгсэл саатах эрсдэл үүсээд байгаа билээ. Тиймээс цаг алдалгүй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмийн бүтээгдэхүүний хомстол үүсэхээс сэргийлж татан авах ажлыг тогтмол зохион байгуулах үүрэг даалгаврыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нарт үүрэг болгосон байна.
Мөн ОХУ, Украинд үүсээд байгаа мөргөлдөөний нөхцөл байдлаас хамааран зөвхөн тус хоёр улсаас нийлүүлдэг 136 нэр төрлийн эмнээс тасалдах эрсдэлтэй 10 эмийг бусад улсын ижил төрлийн эмээр орлуулах судалгааг хийж байгаа талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэд дарга Д.Уранзаяа мэдээлэв.
Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгажээ.
Т.ТҮВШИН