Х.Нямбаатар : Намайг ЗГ-ын хуралтай эзгүй үед Д.Мөнх-Эрдэнэ дандаа ирдэг
ХЗДХЯ-наас Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ тус яамны сайд Х.Нямбаатарыг “Олддоггүй сайдаа энд олж авлаа. ХЗДХЯ-ны сайдтай уулзахаар очихоор оруулдаггүй, эсвэл сайд нь өөрөө байдаггүй” гэсэнд сайд Х.Нямбаатар “Маргааш манай өрөөнд 10 цагт ирээрэй” гэж өөрөө цаг товлон хэлсэн ч Д.Мөнх-Эрдэнэ ирээгүй гэнэ.
Энэ талаар Х.Нямбаатар сайдаас хэвлэлийнхэн тодруулахад :
Тэрээр, “Д.Мөнх-Эрдэнэ надтай уулзахаар Хууль зүйн яаман дээр ирэхдээ дандаа Засгийн хуралтай гурав дахь өдөр намайг байхгүйд ирдэг. Тэгэхээр нь би өнөөдөр 10 цагаас манай өрөөнд ирээрэй гэж хэлсэн. Одоо 10 цагаас хойш төрийн ордонд чуулган үргэлжилнэ. Би тийшээ явах ажилтай. Ер нь бол ХЗДХЯ-ны үйл ажиллагаа нээлттэй, иргэдийг хүлээж авах цагийн хуваарьтай. Хэн нэгэн хүнд давуу байдал олгохгүй. Өргөдөл, гомдол гаргасан хүмүүстэй уулздаг цагийн хуваарийнхаа дагуу уулзаад асууж тодруулах зүйлээ асуугаад, өргөдөл гомдлынхоо хариуг авч болно” гэжээ.
А.ЭНХЖИН