Машины ачилтыг 100.000, авто зогсоолыг 3000 төгрөг болгоно
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зүгээс бага тойруу дахь автомашин ачилтын төлбөрийг 100 мянга, авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа НИТХ-ын даргад өргөн барьжээ.
Тодруулбал, энэ сарын 24-ны өдрөөс эхлэн машин ачлагын төлбөрийг 100 мянган төгрөг болгон өөрчлөхөөр төлөвлөжээ. Үүний урьтал болгон НИТX-ын дарга Ж.Батбаясгаланд энэ сарын 14-нд тогтоолын төслөө өргөн мэдүүлсэн байна. Улаанбаатар хот дахь авто зогсоолыг гурван байршилд хуваах аж. Түүнчлэн бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох юм байна. Одоо жолооч нар нэг цагийн зогсоолын төлбөрт 1000-2000 төгрөг төлдөг бол авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосны дараа 2000-3000 төгрөг төлдөг болох юм. Ингэж авто зогсоолын төлбөрийг нэмбэл иргэд төлбөр өндөртэй бүсэд хувийн автомашинаа унах нь багасахаас гадна зогсоолд машинаа удаан хугацаагаар тавих нь буурна гэж үзэж байгаа аж.
А.ЭНХЖИН