Ч.Цэлмүүн : Хүчтэй дайчин, боловсролтой эмэгтэй байсан ч ганц бие ээжид сөхрөх үеүүд дэндүү олон
UBS телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs” нэвтрүүлгийн анхны ялагч гэдгээрээ олонд танигдсан дуучин Ч.Цэлмүүн өдгөө Япон улсад анагаах ухааны докторын зэргийг амжилттай хамгаалан, Тохоку их сургуулийн доктор, биотехнологичоор ажиллаж амьдарч яваа залуу үеийн манлайлал болсон нэгэн билээ.
Тэрээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж, анагаах ухааны доктор зэрэг хамгаалсан олон талын мэдлэг боловсролтой эмэгтэй төдийгүй өөрийн цахим хаягуудаараа дамжуулан нийгэмд эерэг хандлагыг түгээн хувь хүний боловсрол, гэр бүлийн хүмүүжил гэх мэт залуучуудад хэрэгтэй мэдээ мэдээллийн харамгүй хуваалцдаг юм. Олон нийтэд танигдахын хэрээр түүний хувийн амьдрал, гэр бүлийн талаар сонирхох хүмүүсийн тоо нэмэгдэж, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ мэдээлэл явах нь бий.
Түүний хувийн амьдралын тухайд бизнесмэн залуу Н.Алтанхайрхантай гэр бүл болж хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон ч төд удалгүй салцгаасан юм. Тэрээр хүүгийнхээ ааваас салж, ганц бие ээж болох сонголтыг хийсэн шалтгаанаа цахим хаягтаа нээлттэй бичиж нийтэлсэн нь дахин өөрийнх нь талаар асууж шалгаан, болсон болоогүй дуулианы эзэн болж цоллуулахаас залхсан ч байж мэдэх юм.
Тэрээр хэлэхдээ “Үе үе ганц бие ээж болох талаар асуусан, эсвэл ганц бие аль хэдийн болсон охид эмэгтэйчүүд бичих юм. Шулуухан хэлэхэд би энэ талаар зөвлөгөө өгөхөөс айдаг, учир нь ганц бие ээжийн амьдрал асар хүнд шүү!
Хүчтэй дайчин, боловсролтой эмэгтэй байгаад ч сөхрөх үе хэд дахин. Ганц бие ээж байж үзээгүй хүнтэй яриад цангаа чинь тайлагдахгүй, өдөр хоног чинь хэрхэн өнгөрдөг болохыг мэдэрч үзээгүй хүмүүс дунд ганцаардалтай илүү нөхөрлөнө. Тиймээс сайтар анализ хийж шийдвэр гаргаарай.
Ганц бие ээжийн талаар асуусан хүмүүст…Ийм аавтай байснаас хүүхэд аавгүй байсан нь дээр гэдгийг сонссон тэр өдөр…Хөхүүл байж хавиргaa цуулуулсан тэр өдөр…ганц бие ээж болох шийдвэр гаргасандаа үргэлж баярладаг. Амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг яахын аргагүй мөн.
Олон охид бүсгүйчүүд санхүүгийн хараат байдал эсвэл xүчиpхийлэл, aйлган сүpдүүлэг зэргээс үүдэн салах талаар боддог ч aйгаад үйлдэлгүй хоцордог. Aйх нь зөв гэхдээ ганц амьдарна, хүүхэд бол томроод өөрийн амьдралаа босгоод завгүй болох цагт чи ганцаараа яг тэр хүнтэйгээ үлдэнэ.Өөрчлөлт гээд ярьж байгаа хүмүүст ер нь хүн хүнээ биш тэр хүн өөрөө өөрийгөө л өөрчилж чадна.
Салсны дараах тухайн хүний хүүхдэд өгөх сарын хураамж манай улсад бүр хошин шог (ялангуяа гадаадад амьдардаг бол бүр инээдтэй дүн байдаг). Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барагтаа л xууль дүрэм үйлчлэхгүй. Хэрэв салсан ч хүүхдээ асарч хамгаалдаг бол сайн хэрэг.
Сайн эр хүн, нөхөр битгий хайгаарай. Угаас зөв цагт зөв газартаа өөрөө чамайг олно. Хүүхдэд чинь өөрийнх нь ааваас илүү хайр халамжаар өсгөх нь ч бий.
За хүүхдээ бодоод салаагүй эмэгтэйчүүдийг зүгээр биширмээр. Эрт хүүхэдтэй болох, за тэгээд эрт суудаг нийгмийн хандлагатайг хэлэх үү гэр бүл төлөвлөлт, санхүүгийн боловсрол доогуур манайх шиг улс оронд залуу хүүхдүүдэд эртнээс энэ талын боловсролыг бэхжүүлмээр л санагддаг. Ямартай ч ганц бие ээж болох талаар бодож байгаа бол xууль дүрэм, хүүхдийн халамж, боловсрол дээр сайн бодож тунгаагаарай” гэжээ.
А.ЭНХЖИН