“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “хангалттай сайн” үнэлэгдэв
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газар дэмжиж, ТӨБЗГ-аас баталснаар хөгжлийн том төслүүдийн бүтээн байгуулалтыг таван жилээр төлөвлөн гурван үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үндсэн чиглэлийн эхний таван жил буюу 2017-2021 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөгжлийн хөтөлбөрөө “хангалттай сайн” хэрэгжүүлсэн хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас үнэлжээ. Тодруулбал, 2031 он хүртэл хугацаанд хэрэгжих Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөлд зууны манлай үйлдвэр нийтдээ 80.3 сая ам.долларын хөрөнгө оруулна.
Энэхүү төслийн эхний таван жилийн ажлын үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн насжилт 60-70 жилээр уртассан нь төлөвлөснөөс давсан амжилт юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн геологичид, маркшейдерүүд 123 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох, улс, орон нутгийн төсөвт 47 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой нөөц баялгийг шинэчлэн тогтоолоо. Мөн эхний таван жилд Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих, Баяжуулах үйлдвэр болон Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь энэ онд ч үргэлжлэх юм. Түүнээс гадна Ил уурхайн цахилгаан хангамж, шугам сүлжээний өргөтгөл, цэвэр усны 3-р шугам барих, дэд бүтцийн 2-р шугамын шинэчлэлийн төслийн ажлын гүйцэтгэл 90-95 хувьтай явна. Эдгээр нь үйлдвэрлэлийн болон орон нутгийн стратегийн чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болсон юм.