Банкнууд гадаад валютын арилжаандаа босго тогтоожээ
Манай улс дотооддоо гадаад валютыг хомсдол үүсэж, арилжааны банк лимит тогтоосон, “Найман шарга” дээр валют олдохгүй байгаа аж. Учир нь зах зээлд ханшийн савлагаа үүсэж, арилжааны банкууд гадаад валютын арилжаанд тодорхой лимит тогтоосон мэдээлэл гараад буй. Харин уг асуудалд Монголбанк тайлбар хийсэн.
Монголбанк тайлбартаа “Банкны тухай хуульд зааснаар Төв банк нь арилжааны банкуудын дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас дуудлага худалдаагаар банкуудад валют олгодог ч цаашаа хэнд хэдийг өгөх талаар хязгаарлалт, чиглэл гаргадаггүй. Харин иргэдийн зүгээс банкууд валют зарахгүй лимит тогтоолоо гэдэг нь ташаа” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас валютын арилжаанд хязгаарлалт тогтоох албан ёсны шийдвэр гаргаагүй ч банкууд өөрсдөө валютын арилжаанд лимит тогтоох, зохицуулалт хийх эрхтэй юм байна. Энэ хүрээнд арилжааны банкууд валютын арилжаанд ямар нэгэн хязгаарлалт, тэр дундаа ам.долларын арилжаанд лимит тогтоож байгаа эсэхийг дараах банкуудын салбараас тодрууллаа.
Хаан банк /Сансар дахь салбар/
–Хаан банк нь гурван сая төгрөг буюу 1000 ам.доллараас дээш олгохгүй байгаа аж. Өчигдөр /гуравдугаар сарын 21/ уг лимит нь 5 сая төгрөг байсан бол өнөөдөр ийн хязгаарлажээ. Арилжаа хийхдээ данс болон бэлнээр аль аль нь гурван саяас хэтрэхгүй байх зохицуулалттай байгааг тайлбарлав.
Хас банк /Багшийн дээдийн урдах/
–Хас банкны теллер хэлэхдээ “Гадаад валютын арилжаагаа зогсоосон. Нэг доллар ч зарахгүй. Яг хэзээг хүртэл арилжааг зогсоох нь тодорхойгүй байна” гэв.
Голомт банк /13-р хороолол/
–Голомт банкны ажилтны хэлснээр “Бэлнээр олгох валют арилжааг зогсоосон. Дансаар таван сая хүртэл валютыг авч болно. Мөн данснаас ам.доллар авахдаа удаан хугацаатай хадгаламжнаас л авч болно. Хязгаарлалтын хэмжээ нь өдөр ирэх тусам багасаж байна. Энэ нь өнөөгийн нөхцөл байдал, эдийн засагтай холбоотой” гэв.
Төрийн банк /Сити тауэрт дахь/
–Төрийн банкны хувьд их хэмжээгээр доллар зарахгүй байгаа аж. Хэрэв доллар олгохоор бол 100-200 долларыг л гаргах юм байна.
Худалдаа хөгжлийн банк /Сентрал тауэрт дахь/
–Тус банк нь өдөрт бэлнээр таван сая төгрөгтэй дүйцэх ам.доллар олгож байгааг хэлсэн. Тус салбарт доллар сураглаж ирэх иргэдийн хөл тасрахгүй байв.
Богд банк /Сентрал тауэр дахь/
–Уг банк нь их хэмжээгээр гарахгүй, ихдээ нэг сая төгрөгтэй дүйцэх ам.долларыг олгож байгаа гэж тайлбарлалаа.
Эх сурвалж : itoim.mn