| |

Өнөөдөр “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн 3 дугаар сарын 24-нд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан бөгөөд энэ өдөр улс орнууд сүрьеэ өвчний тохиолдлын тоо баримт, мэдээлэл, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэдэг.

Германы эрдэмтэн Роберт Кох 1882 оны 3 дугаар сарын 24-нд сүрьеэ өвчнийг үүсгэгч бактерийг анх нээжээ. 1995 онд ДЭМБ, Нидерландын Сүрьеэгийн сантай нийлж дэлхий нийтээрээ сүрьеэгийн эсрэг үе шаттай тэмцэх хэрэгтэй байна гэж дүгнэснээр 1996 онд ДЭМБ, Нидерландын Сүрьеэгийн сан, Олон улсын сүрьеэ болон уушгины өвчинтэй тэмцэх холбооноос анх сүрьеэгийн эсрэг тэмцэх өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү 1997 оноос эхлэн дэлхий даяар энэ өдрийг жил бүр тасралтгүй тэмдэглэж байна. Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх 10 өвчний нэг бөгөөд жил бүр 10 сая тохиолдол бүртгэгдэж, 1,6 сая хүн уг өвчний улмаас нас барж байгаа аж.

Монгол Улс 3 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ-ын гишүүн орны хувьд сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, сүрьеэгийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 улсын нэг болж 4 дүгээрт орсон байна.

Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлт болон Глобаль сангийн тусламж дэмжлэгээр сүрьеэтэй тэмцэх үйлсэд чамгүй амжилт гаргасан хэдий ч сүрьеэ нь нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбоотой өвчин хэвээр байна.

Ташрамд дуулгахад, Сүрьеэгийн вакциныг анх бүтээснээс хойш 25 жилийн дараа буюу 1946 оноос Монгол Улс сүрьеэгийн эсрэг дархлаажуулалт хийж эхэлсэн түүхтэй. Дэлхий дээр 180 гаруй оронд сүрьеэгийн вакциныг хийж байна. Манай улсад мөрдөж буй заавал хийх дархлаажуулалтын товлол дагуу БЦЖ вакциныг төрсний дараа 24 цагийн дотор хийдэг.

Төрөх газрын нярайн эмч вакцин тарихад хориглох заалт байгаа эсэхийг нягтлан дүгнэлт гаргаж тусгай бэлтгэгдсэн сувилагч БЦЖ вакциныг хийж Ягаан дэвтэрт нь тэмдэглэнэ. /Вакцин хийгээгүй бол шалтгааныг тодорхой тэмдэглэдэг/

Вакциныг тарьснаас хойш дунджаар 2 долоо хоногийн дараа тариа хийсэн хэсэгт улайж бага зэрэг хавдаж идээлнэ. Удалгүй уг идээ өөрөө нээгдэж ойролцоогоор 1 см-ийн хэмжээтэй шарх үүсдэг. Ихэнх эцэг эхчүүд ингэж идээ гарахад айж сандардаг. Энэ нь хэвийн үзэгдэл, вакцины хэсэг газрын урвал гэж ойлгох хэрэгтэй. Үүссэн шарх хүүхдийн онцлогоос шалтгаалан 1-2 сартайд сорвижин эдгэрнэ.

Харин идээлж шархалсан үед нярай хүүхдийг ердийн мэт усанд оруулсан хэвээр байх бөгөөд ямар нэг тос түрхэх, шархны лент наах зэрэг шаардлага байхгүй. Харин шархыг цэвэр байлгахад анхаарах ёстой. Нярайд хийсэн БЦЖ вакцины сорвийг өрхийн эмч 1, 2, 12 сартайд нь үнэлэн тэмдэглэгээ хийнэ. Ховор тохиолдолд том хэмжээний буглаа/шарх үүсэх, шарх удаан хугацаанд /3 сар≤/ сорвижихгүй идээ гарсан хэвээр байх, зүүн талын суганы булчирхай хавдах хүндрэл үүсдэг. Эдгээр тохиолдолд заавал эмчид хандах хэрэгтэй. Хэдийгээр БЦЖ вакцин сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж 100 хувь чадахгүй ч сүрьеэгээр хүнд өвчлөхөөс найдвартай сэргийлнэ.

Сүрьеэгийн халдвар авсан хүнд өвчний ямар нэг шинж илрэхгүй, уушгины рентген зураг, цэрний шинжилгээнд өөрчлөлт илрэхгүй, бусдад халдвар тараадаггүй. Халдвар авсан эсэхийг зөвхөн сүрьеэгийн сорил тавьж мэдэх боломжтой. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн ердөө 5-10 хувь л хэзээ нэгэн цагт сүрьеэгээр өвчилдөг. Харин сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд:

– Турж эцэх

– Хоолонд муудах

– Унтахдаа хөлрөх

– Ядрах

– Халуурах

– 3 долоо хоног, түүнээс удаан ханиах

– Цустай цэр гарах

– Цээжээр өвдөх зэрэг шинж илэрнэ.

Заавал хийх дархлаажуулалтын товлолд нь БЦЖ вакцин ордоггүй оронд /АНУ, Англи, Австрали, Франц/ төрсөн хүүхдүүдийг эх орондоо ирснээс хойш 3 сарын дотор нөхөн дархлаажуулах шаардлагатайг анхаараарай хэмээн эмч зөвлөж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments