ОХУ-аас экспортолдог байгалийн хийн төлбөр тооцоог зөвхөн рублиэр авдаг болно
Өчигдөр болсон ОХУ-ын засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч В.Путин “найрсаг бус харилцаатай” орнуудад экспортолсон байгалийн хийн төлбөр тооцоог зөвхөн рублиэр авахыг холбогдох албаныхандаа даалгажээ.
Өрнөдийн орнууд Оросын гадаад валютын нөөцийг битүүмжилсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэж буйг тэрээр тайлбарласан байна.
“Найрсаг бус харилцаатай орнуудад нийлүүлдэг байгалийн хийн төлбөрийг Оросын рублиэр авах арга хэмжээг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхээр би шийдлээ. Европын Холбоо, АНУ-д нийлүүлж буй манай бараа бүтээгдэхүүний төлбөрийг доллар, еврогоор авах нь утгагүй юм” гэж В.Путин хэлжээ.
Украины хямралтай холбоотойгоор сүүлийн нэг сарын хугацаанд Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг олон төрлийн хориг арга хэмжээ аваад байгаа билээ. Тухайлбал АНУ, Европын Холбоо болон тэдний холбоотнууд санхүүгийн системээсээ Оросын банкнуудыг салгаснаар ОХУ-ын гадаад валютын $300 тэрбумтай тэнцэх нөөц битүүмжлэгдсэн юм.
АНУ-ын Засаг захиргаа Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьсан бол Европын Холбооны орнууд үргэлжлүүлэн импортолсоор байна.
Эх сурвалж: Russia Today
А.ЭНХЖИН