Шүүмжлэлд өртсөн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө буцаан татжээ
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа тэргүүтэй гишүүд өнгөрсөн намар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан юм.
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татан авч байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Ингэснээр уг хуулийн төслийг санаачилсан гишүүд татах хүсэлтээ илэрхийлсэн тул буцаагдав.
Уг хуулийн төсөлд:
- Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;
- Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.
Х.ЭНХЖИН