|

Т.Одсэр : Малаа хөгшрүүлж, эм тариагаар бөмбөгдөж байгаад иддэг улс манайхаас өөр байхгүй

Нүүдэлчин Монголчуудын уламжлалт сэтгэлгээг сөрж, тодорхой цаг хугацаа, орон зайг туулж, үнэ цэн бүтээж яваа “MONGOLIAN LAMB” хэмээх 8-10 сартай цэвэр бэлчээрийн хурганы махны брэндийг дотоодын зах зээлд нэвтрүүлсэн “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Л.Одсэртэй ярилцлаа. Шинэхэн брэнд бүтсэн хөрс, суурь нь та бидний сайн мэдэх ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр бэлчээрийн доройтол үгүй болж нэг малчин өрх жилдээ 200-300 сая төгрөгийн орлого олох боломжийг бүрдүүлжээ. Бэлчээр нутаг сэргэж, малчдын орлого эрс нэмэгдэж хэрэглэгч бид дэлхийн стандартад нийцсэн илүү эрүүл, органик, шим тэжээлээр тэргүүлэх хүнсийг хэрэглэж эхлээд нэг жил болжээ. Үндэсний үйлдвэрлэлийн салбарт бойжиж буй нэгэн тод бүтээгдэхүүнтэй илүү дотно танилцъя.

Анх “Чинээлэг малчин” хөтөлбөрөөр овоглож байсан та сүүлийн үед Mongolian lamb төслөөрөө нийгмийн сүлжээнд түлхүү харагдах боллоо. Танай төсөл анхаарал их татаж байна?

-Би хөдөө аж ахуй тэр дундаа ноос ноолуурын салбарт ажиллаж хөдөлмөрлөөд 30 гаруй жил болж. Сүүлд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа мал аж ахуй суурьтай манайх шиг улс энэ өгөгдөл дээрээ суурилсан цогц бодлого хэрэгжүүлэх цаг нь болж гэж хараад “Чинээлэг малчин” хөтөлбөрөө боловсруулж байлаа.Энэ хөтөлбөрөөр өдрөөс өдөрт нөхөн төлжихгүйгээр үгүй болж байгаа бэлчээр нутгаа хамгаалж, малчдынхаа орлогыг эрс нэмэгдүүлж тэднийг чинээлэг дундаж давхаргад хүрэхэд нөлөөлснөөр нийгмийн өмнө тулгамддаг шийдлээ олоогүй олон асуудлыг давхар шийднэ гэсэн тооцооллооор хэрэгжүүлж эхэлсэн, одоо ч хэрэгжүүлсээр байгаа. Энэ хөтөлбөрийн үр дүнд Mongolian lamb төсөл маань хэрэгжиж байна.

Mongolian lamb төсөл хэрэгжихэд гол суурь болсон “Чинээлэг малчин” хөтөлбөрийн тухай дэлгэрүүлж асуумаар байна?

Манай хүн амын гуравны нэг хувийг эзэлдэг малчдын дийлэнх нь орлого муу, амьдралын чанар нь тааруу, хувь хүний боловсрол, эрүүл мэндийн байдал мөн л муу.

Гэвч тэд энэ улсын эдийнзасагт бодитойгоор үйлдвэрлэл эрхэлж үр нөлөө үзүүлж байгаа хэсэг яахын аргагүй мөн.Дэлхийд ганц нүүдлийн мал аж ахуй,соёл уламжлалаа тээж яваа хүмүүс бол малчид бас лмөн. Дийлэнх малчид өөрсдийгөө үйлдвэрлэгч гэж мэддэггүй, өдөр тутам эрхэлж байгаааж ахуйгаа зөвхөн амьжиргаа залгуулах хэрэгсэл төдийхнөөр ойлгож ирсэн. Амьдралаа өөдтатах гэсэн нэг нь малынхаа тоо толгойг нэмэхээс өөрийг бараг хийсэнгүй. Энүүгээр бималчдыг буруутгах гэсэнгүй. Харин малчдад чиглэсэн төрийн бодлого оновчгүй байгаагхэлэх гэсэн юм. “Чинээлэг малчин” хөтөлбөрөөр Монголын 200 мянган малчин өрх бүгдбаялаг бүтээгчид, жинхэнэ утгаараа ЖДҮ эрхлэгчид, бизнесменүүд юм гэдгийг ойлгуулж, сэтгэлгээ, хандлагаа өөрчилье, бизнесийн оновчтой загварыг хэрэгжүүлье, тоо бус чанарт анхаарч ашигтай, чанартай ажиллах бүрэн боломжтойг төрийн бус байгууллагынхаа дэргэдэх сургалтын төвөөрөө дамжуулан олгосноор энэ хөтөлбөр маань хэрэгждэг.

 

 

 

Үүний үр дүнд Mongolian lamb төсөл хэрэгжиж байгаа юм байна,тийм үү ?

Тийм ээ.Бид өөрсдөө сэтгэлгэлгээ, хандлагаа өөрчилж мал маллагаагаа илүү бизнес загварт оруулахгүй бол болохгүй. Гэхдээ мэдээж бусад улс орноос ялгардаг уламжлалт нүүдлийн мал аж ахуйн загвараа алдахгүйгээр эрүүл, гарц сайтай мах үйлдвэрлэж ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор “Mongolian lamb” брэндийг гаргаж ирсэн. Mongolian lamb” брэндийг гаргаж авахын тулд ХААИС, Биотехнологийн хүрээлэнтэй хамтарч нялх хурганы тэжээл гаргаж авсан.Мөн хөнгөн үйлдвэрийн салбарт хурганыхаа арьсыг туршилтанд оруулахад мэргэжилтнүүдээс дээд зэрэглэлийн арьс гэсэн үнэлгээг өгсөн.

“Mongolian lamb”-ыг цаашид хурганы мах гэж асуултандаа дурьдаад явья. Хурганы мах гэхээр манайхан дотооддоо хэр хүлээн авсан бэ?

Уламжлалт сэтгэлгээ, хандлагыг өөрчлөнө гэдэг амар ажил биш.Гэхдээ чадахгүй ,мэдэхгүй бүхнээ уламжлал руу чихээд айгаад хараад суух нь хөгжлийн гацаа гэж би боддог.Мэдээж нийгэмд бол эхэндээ эмзэг байсан. Аяндаа агуулга зорилгоо ойлгуулаад ирэхээр нааштай л болж байна. Ойлгуулж таниулах ажил үргэлжилж байна. Энэ бол нялх хурга огт биш. Хавар арай эрт төллүүлээд намар эргэлтэнд оруулж буй, амьдын жин 35 киллограмтай, 8-10 сартай бэлчээрийн хурганы мах юм. Өөрөөр хэлбэл зарим аймгуудын төлөгнөөс эр хонь хүртэлх жинд хүргэж томруулан зах зээлд нийлүүлэх тухай л ойлголт юм.Хургыг ингэж төлөг болохоос өмнө эдийн засгийн эргэлтэнд оруулснаар Чинээлэг малчин хөтөлбөрийн зорилго нэг шатаар ахиж, бэлчээрийн даац багасаж, малчин хүний 4-5 жилийн хөдөлмөр зүтгэл хөнгөрч, илүү их эдийн засгийн үр ашгийг хүртэж байгаа юм. Малчид нийгэм талдаа эдийн засгийн эргэлт нь сайжирч байгаа нь сайхан байна.

Хэрэглэгч талдаа ч бас амт чанар, ашиг шимтэй бүтээгдэхүүн гарч ирж гэжбодож байна?

Энэ өөрөө дэлхий нийтээр хэдэн зуунаар хэрэглээд ирсэн хоол. Малаа хөгшрүүлээд элдэв өвчин эмгэг тусгаад эргүүлээд эм тариагаар бөмбөгдөж байгаад иддэг улс манайхаас өөр байхгүй. Хурганы махыг үл орлуулагдах уураг гэж эрдэмтэд томьёолсон байдаг.Зөөлөн, шүүслэг, шингэц сайтай гээд амт ча нарын тухайд тэргүүн зэргийн хүнс гэгддэг.Судлагаанаас харахад маш их амин дэм, ашиг тус ихтэй байдаг. Зөвхөн эрүүл тааламжтай хэрэглээ байгаад зогсохгүй нийгмийн хариуцлага талдаа үзүүлж буй үр нөлөө асар их.

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд бусад салбартай танай ажил их уялдах боломжтой юм байна гэж харагдаж байна?

Тийм шүү. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэгч хэн бүхэн нэгдүгээрт, эрүүл монгол хүний төлөө сонголт хийж байгаа. Хоёрдугаарт, бэлчээр хамгаалах сонголт хийж байна гэсэн үг. Учир нь бид хамгийн бага хугацаанд, хамгийн бага зардлаар, илүү их үнэ цэн бүтээж, байгалийн нөөцийг хадгалангаа давхар малчдынхаа орлогыг эрс нэмэгдүүлж асар том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.Энэ ажилд оролцогч бүх талууд нийгмийн өмнөхүлээсэн хариуцлагынхаа хүрээнд маш том хөрөнгө оруулагчид бас том хожигчид гэж би боддог.

Нийгмийн хариуцлагын хүрээнд гэсэн хаягтай ажлуудыг манай томоохон ялангуяа уул уурхай дагасан компаниуд хийж байна гэж дуулддаг. Та бүхэн тэдэнтэй хамтын ажиллагаа хэр байдаг вэ?

Дэлхийн дулаарал, хүн амын эрчимтэй өсөлт байгал экологийн тэнцвэрт бус байдлаас гарах гарц нь эко, ээлтэй хэрэглээ.Тийм учраас ч хамгийн эрүүл шимтэй бас байгалд ээлтэй гэсэн бүхэнд улс орнууд бодлогоо чиглүүлж байна.Манай хөтөлбөрийн зорилго дэлхийн чиг хандлагатай ижил. 90 сая толгой малын тал хувийг хонин сүрэг дангаараа эзэлдэг ч эдийн засгийн үр өгөөж маш муу, хий дэмий малчны хөдөлмөрийг сорж, бэлчээр талхлаад дуусч байна. Хурганы махны төсөл энийг өөрчлөх юм. Энэ төсөлд оролцсон хэн ч бай байгалиа аварч малчдаа дэмжиж Монгол улсын эдийн засагт бодитой дэмжлэг оруулж байгаа гэж ойлгож болно. Та уул уурхайн салбарыг асуултаараа онцолж байна. Уул уурхайн олборлолт бол малчдын бэлчээрийг булааж, усыг нь ашиглаж байгал орчны тэнцвэрт байдлыг нь алдагдуулж байдаг.Энийг бүгд хэлж ярьж байгаа ч дорвитой ажил хийгдсэнгүй. Тэгэхээр яг энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тэдгээр олон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд малчдад, байгал экологид нь хөрөнгө оруулалт хийж хүнд хөдөлмөр эрхэлж буй ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч, чанартай хурганы махыг хоол хүнсэндээ яагаад хэрэглэж болохгүй гэж. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна гээд компаниуд хэрэгцээгүй олон ажил хийж л харагддаг. Оюутолгойн гадаад удирдлагуудгаднаас хурганы мах захиалж иддэг.Тэр нь мэдээж өртөг өндөртэй. Гэтэл бид илүү хямдболомжийн үнээр ижилхэн нэр төрлийн хэрэглээг нь бий болгоод өгчихлөө. Ер нь хүндхүчир хөдөлмөр эрхэлж байгаа монгол ажилчид маань яагаад илүү шим тэжээллэг уураг ихтэй монгол хурганы махаа хоол хүнсэндээ хэрэглэж болохгүй гэж.Энийг бид бодох л асуудал.

 

 

 

Та нийлүүлэлтийн нөөц бололцоо чадамжийнхаа тухай ярьж болох уу ?

Болно оо. Манайх эхний жил 5-6 мянган хурга буюу 80 орчим тонн мах бэлтгэсэн. Энэ жил шүлхий цагийн байдлаас болоод төлөвлөсөн хэмжээгээр нөөц бэлтгэж чадаагүй.

Цар тахал гээд гадаад зах зээлдд нийлүүлээгүй байх?

Тэглээ. Ковид гээд гадаад ертөнцөөс тасраад ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Ковидоос өмнө Иран улс руу нэг удаа экспорт хийсэн. Мах өөрөө стратегийн бүтээгдэхүүн учраас заавал түүхийгээр гаргадаг. Юуны мах гэдгээс үл хамаарч импорт, экспортын асуудал улс хоорондын нарийн хэлэлцээрийн дагуу зохицуулагддаг.

Танай компани санхүүжилт хаанаас авдаг вэ.Гадаад дотоодын хөрөнгө оруулалт бий юу?

Нийгмийн хариуцлага талаас НҮБ, Дэлхийн банкинд хандсан байгаа.Харин бизнесийн хувьд шинэ байгуулагдсан компани учраас банкнаас хөнгөлөлттэй зээл авах гэхээр яг үнэндээ өндөр шаардлагыг нь хангахгүй байна. Гадаад, дотоодын ямар нэгэн хөрөнгө оруулалт байхгүй. Бага хүүтэй зээл олдохгүй байгаа болохоор өнгөрсөн жилээс Банк бус санхүүгийн байгууллагаас 3-аас дээш хувийн өндөр хүүтэй зээл авч эргэлт хийж байна.

Цаашид эрэлт, нийлүүлэлт ихсэх учраас гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад их хэмжээний санхүүжилт, хөрөнгө оруулалт гарцаагүй шаардлагатай болох нь.Тэгэхээр танайхтай хөрөнгө оруулагчид хамтран ажиллахыг хүсвэл нээлттэй, хүлээж авах юм байна гэж ойлголоо?

Тиймээ. Бидний хийж байгаа үйл ажиллагааг харж судлаад, хамтран ажиллавал маш том боломж байна. Сүүлийн үед дэлхийн хөрөнгө оруулагчид байгал орчин экологийн асуудал нь давхар шийдэгдэх бизнесийг сонгодог болсон тухай би түрүүнд ярилаа. Тэгэхээр энэ зах зээлд түрүүлж орж ирсэн хөрөнгө оруулагчийг ирээдүйтэй бизнес хүлээж байна. Ирэх жилээс бүх зүйл хэвийн амьдралд шилжээд ирэхээр хөрөнгө оруулалт, санхүү нэлээд шаардлагатай болно. Стандартын шаардлага хангасан махны хөргүүртэй үйлдвэр, орон нутагт махаа нийлүүлэх жижиг цехүүд, нийслэл рүү тээвэрлэлт хийх ложистикийн төвүүдийг байгуулах гээд хийх ажил их байна. Өнгөрсөн жил бид Кувейт, Узбекстанаас мах авах санал ирсэний дагуу энэ улсууд руу экспорт хийхийг оролдсон. Гэвч онгоц болон хорио цээрийн асуудлаас болоод бүтээгүй.

 

 

Хурганы махыг гадагшаа зах зээлд нийлүүлэхийн тулд холбогдох газрууд нэн тэргүүнд ямар алхам хийгээсэй гэж хүсч байна?

Эдийн засгаа сэргээнэ,ядуурлыг бууруулна,байгал орчноо хамгаална гэж их ярих юм. Хөдөө хүнд хөдөлмөр эрхэлж байгаа малчдынхаа бизнесийг дэмжиж гадаад зах зээлд гаргахад анхаармаар байна. Хурганы махны тухайд гадаад зах зээл дээр үнэ тодорхой байна. Гол нийлүүлэгч Австралид нэг килограмм нь 9-10 ам доллар байх жишээтэй. АНУ-д хурганы махаар хийсэн 200-300 грамм стейк 40-80 долларын үнэтэй байна. Бид ийм үнэ цэнтэй зүйлээ хашаандаа хашссаар байх уу. Бид ан гөрөөний махыг органик гээд маш үнэтэй авч хэрэглэдэг шүү дээ. Тэгвэл яг ан амьтад иддэг тэр ургамлыг мал идэж байгаа.

Яахав газарзүйн онцлогоосоо хамаараад өөр өөр төрлийн ургамал иддэг ч яг тэр амин дэм эрдэсүүдийг ялгаагүй махандаа шингээж байдаг. Ялгарах зүйл нь эзэнтэй, бэлчээрийнх л юм даа. Ийм хосгүй эрдэс тэжээлийг бид өөрсдөө эрүүл хэрэглээ талаас нь бодож хэрэглэж сурах нь маш чухал байна.

Танайх бас их олон төрлөөр бүтээгдэхүүнээ гаргадаг юм байна лээ.Яг гадаадад ангилж гаргадагтай ижилхэн харагдсан?

Бид хурганы махаа олон шатны лабораториудад шинжилгээнд оруулж баталгаажуулж нийт 15 нэр төрлөөр мах бэлтгэлээ ангилан худалдаанд гаргаж байна. Монголдоо анх удаа олон төрлөөр ангилан гаргаж байгаагаараа бас анхдагч гэж хэлж болно. Нэгэнт бид суурь хөтөлбөрөөрөө дамжуулан хурга бэлтгэлээ хийгээд эхэлсэн болохоор гадаад, дотоод зах зээлд КFC, MaсDonald’s шиг Моngolian Lamb сүлжээ ресторануудыг бий болгох ажлыг мөн зохион байгуулж байна. Аялал жуулчлалын салбар гэх мэт асар олон салбарт манай бүтээгдэхүүн нүүр тахлах нэрийн хуудас болж хөгжинө гэсэн итгэл бий

Ярилцсанд баярлалаа. “Моngolian Lamb” удахгүй дэлхийн брэнд болно гэдэгт би ч бас итгэлтэй байна.Та бүхэнд амжилт хүсье.

Г.Ганчимэг

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *