А.Гансүх: ҮАБЗ-ийн албан хаагчид тусгай үүрэг биелүүлэхээр автомашинаар ОХУ явсан нь үнэн
ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар ачиж ирсэн гэх мэдээллийг өнөөдөр /2021.03.09/ Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлээс гаргасан. Уг мэдээлэлтэй холбогдуулан ҮАБЗ-ийн ажлын албыг төлөөлж А.Гансүх мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнөөдөр зарим сонинд ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар ачиж ирсэн гэх гүтгэлгийн чанартай мэдээлэл тараалаа. Маш хариуцлагатайгаар хэлье. Энэ мэдээлэл гүтгэлэг. Улстөрийн зорилготой гэж таамаглаж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба бол төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан хаагчид төрийн албаны тангарагаас гадна цэргийн тангараг өргөсөн тусгай албан хаагчид байдаг. Албан хаагчид ажил үүргээ хуулийн хүрээнд, чин шударгаар биелүүлж байгаа гэдгийг хэлмээр байна.
Албан хаагчид томилолтоор ажилласан нь үнэн. Онгоц нисэхгүй байгаа учраас автомашинаар явсан. ҮАБЗ-ийн ажил далд хэлбэрээр явагддаг. Ямар нэгэн сурталчилгаа хийдэггүй. Албаны тусгай үүрэг биелүүлэхээр Улаан-Үдэ хот хүртэл машинаар яваад буцаж ирсэн. УОК-оос бүх төрлийн зөвшөөрлийг бичгээр авсан.
Ирээд тусгаарлалтад орсон. Автомашин бүх гааль, хяналт шалгалтаар орсон. Машинд ямар нэгэн хууль бус мөнгө байгаагүй, байх ч ёсгүй. Ерөнхийлөгч, өмнөх Ерөнхий сайд нарын дунд үүсээд байгаа улстөрийн зөрчилтэй нөхцөл байдлын үед ҮАБЗ хууль бус үйл ажиллагаа хийхгүй, хийдэггүй. Ийм тэнэг үйл ажиллагаа хийхгүй.
Үүнийг хэн хийдэг вэ гэхээр эрх мэдэлтнүүд, улстөрийн хүчин хийдэг. Улстөржөөгүй үлдсэн ганц байгууллага болох ҮАБЗ-ийн ажлын алба. Энэ албыг битгий улстөржүүлээч, улстөрийн зорилгоор бүү ашиглаач гэж хэлмээр байна” гэлээ.
Тэрээр дээрх тайлбарыг өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ҮАБЗ-ийн ажилтнууд ямар ажлаар ОХУ руу явсан бэ. Хэвлэлээр ҮАБЗ-ийн 3 ажилтны нэр гарсан байсан. Тэд танай албанд ажилладаг нь үнэн үү?
-Нууцын зэрэглэлтэй учир олон нийтэд задлах боломжгүй. Хэвлэлээр гарсан гурван ажилтан манайд ажилладаг нь үнэн. Үүнээс өөр нэмэлт тайлбар өгөхгүй.
ВИДЕО ҮЗЭХ:
А.Гансүх: Өмгөөлөгч Б.Баасанцогтой Зам тээврийн яаманд хамт ажиллаж байсан
А.Гансүх: Өмгөөлөгч Б.Баасанцогтой Зам тээврийн яаманд хамт ажиллаж байсан
Posted by Ivoice.mn on Tuesday, March 9, 2021