БНСУ : Өмнө нь визээ сунгуулаагүй ажилчдад дахин нэг жил оршин суухыг зөвшөөрнө
БНСУ-ын Засгийн газраас визийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 13-нд дуусаж буй гадаадын ажилчдын тус улсад байх хугацааг 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Энэ тухай Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлт болон Хууль зүйн яамнаас даваа гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Энэхүү арга хэмжээ нь гадаадын 130 мянган иргэнд хамаатай байх юм. Урьд нь визээ сунгуулаагүй ажилчдад БНСУ-д дахин нэг жил оршин суухыг зөвшөөрнө. Өмнөд Солонгост байх үлдсэн хугацааг нэмж 50 хоногоор сунгана.
Визийн хугацаа автоматаар сунгагдах бөгөөд хүсэлт өгөх шаардлагагүй байна. Жижиг, дунд бизнес, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдолтой холбоотой асуудал улам гүнзгийрсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасныг хоёр яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Эрх баригчдынх нь мэдээллээр, Өмнөд Солонгост коронавирусний цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гадаадын ажилчдын тоо 60 мянга орчмоор буурчээ.
Тус улсын Засгийн газар энэ онд 59 мянган гадаад ажилчин авахаар төлөвлөж байгаагаа нэгдүгээр сард мэдэгдсэн бөгөөд энэ нь 2021 оныхтой харьцуулахад долоон мянгаар их байна.
Т.ТҮШИГ