СУДАЛГАА: Өсвөр насны хүүхдүүдийн интернетийн их хэрэглээ нь сэтгэл хангалуун бус байдлыг нэмэгдүүлж байна
Их Британи улсад явуулсан судалгаагаар өсвөр насны хүүхдүүд сошиал медиа дээр хэр их цаг зарцуулна төдий чинээ амьдралдаа сэтгэл хангалуун байх нь буурдаг гэх дүгнэлтэд хүрчээ. “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаагаар 11-13 насны охид, 14-15 настай хөвгүүдэд энэхүү зүй тогтол ажиглагдсан байна. Мөн судалгаанд оролцсон 19 настай охид хөвгүүдэд ижил үр дүн ажиглагдсаныг эрдэмтэд дурджээ.
Тус судалгааг Кембриж болон Оксфордын их сургуулийн эрдэмтэд, Дондерсийн Тархи, Оюун ухаан, Зан үйл судлалын институттэй хамтран 2011-2018 оны хооронд явуулж, 72 мянга гаруй хүнийг оролцуулсан байна. Эрдэмтэд сошиал медиа өсвөр насны хүүхдүүдэд ингэж нөлөөлж байгаа нь тархины хөгжил болон хормоны өөрчлөлттэй холбоотой байж магадгүй гэх таамаглал дэвшүүлсэн аж.
Судалгааг ахалж явуулсан доктор Эми Корбен хэлэхдээ сошиал медианы хэрэглээ болон сэтгэлийн эрүүл мэнд хоёрын холбоо маш нарийн, ээдрээтэй учир одоогийн байдлаар судалгаа янз бүрийн үр дүн өгч байна хэмээсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ “Өсвөр насны үе болон тархины хөгжил, нийгмийн нөхцөл байдал гэх мэт зүйлс биднийг сошиал медианы сөрөг үр дагаварт өртөмтгий болгож байгаа үр дүн ажиглагдсан” гэсэн байна. “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг цаашид уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ