“Гурван бяцхан үр минь ээжийгээ зовоохгүй гээд нулимсаа залгиад амьдарч байна”
Өнгөрөгч арван хоёрдугаар сард хүнд гэмтлийн улмаас удаан хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат таалал төгссөн билээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн үндэслэлээр цагдан хоригдож байв. Түүнээс хойш хэргийг шалгасаар арванхоёрдугаар сарын 23-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хэргийг прокурорын хяналтад буцаасан. Хэргийг шалгах хугацаанд Э.Энхбат начныг БНСУ-д эмчлүүлж байсан бөгөөд түүнийг эх оронд нь авчраад удаагүй байхад таалал төгссөн юм.
Улсын начин Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг: “Би хэний ч байрыг аваагүй. Ханийг минь алчихаад одоо намайг муу, муухай болгох гээд байна. Энэ бүхний эцэст хэн нь үүрдийн өнчин болж, хохирч үлдээд, хэн нь завшиж, хожиж, баяжсан билээ. Би хүсээгүй ч энэ бүхнийг мэдчихээд байна. Ор үндэслэлгүй худал зүйлд итгээд, амаа уралдаад ярьдаг хүмүүс минь битгий ийм байгаач. Гурван бяцхан үр минь “ээжийгээ зовоохгүй” гээд нулимсаа залгиад амьдарч байна. Алуурчинд ч, тэдний хамсаатнуудад ч хүний үнэр, хүн чанарын өчүүхэн хэлтэрхий байдаг гэдэгт итгэхийг хүсэж байна” гэжээ.