УЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ

Монголын аль л ашигтай гэсэн төрийн өмчийн компаниуд, арилжааны банкууд, ашигт малтмалын ордуудад эзэн суусан “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг өдий хүртэл хууль хяналтынхны хаагуур нь бултаж, “нарс”-нд оролгүй наранд явж ирснийг нь нийгмээрээ гайхдаг. Хамгийн сүүлийн жишээ нь л гэхэд, түүний Хөгжлийн банкнаас “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК-иараа авсан зээлийнх нь үлдэгдэл өр төлбөр 496.5 тэрбум төгрөг хүргэчихээд байхад, төрөөс шаардаад байхад ч тэр төлөхгүй гэдийж чадаж л байна. Тэр хэнээр хамгаалуулдаг болоод, түүнийхээ “түрийвч”-ийг нь хэр их түнтийлгэж өгдөг болоод ингэж хуулиас дээгүүр амьдарч чаддаг юм бол. 
           Эргэлт.мн мэдээллийн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” энэ нууцын зах зухаас тайлж, “Сахал” Д.Эрдэнэбилэгийг хуулиас дээгүүр алхуулж, хариуд нь  хүргэн болон төрсөн дүүгийнхээ компаниар дамжуулан ашиг хүртэж, авлига авч ирсэн Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн ээлжит ноцтой баримтыг дэлгэж байна.

 

 

Товчхондоо, “Сахал” хочит, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, “Шударга” нэрт, Улсын Ерөнхний прокурор асан М.Энх-Амгалан нар “халаас”-аа нэгтгэсэн маш ноцтой баримтыг дор өгүүлэх болно.


М.ЭНХ-АМГАЛАН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР БАЙХДАА “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГТ ХОЛБОГДОХ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН ХЭРГИЙГ 21 УДАА БУЦААЖЭЭ

       М.Энх-Амгалан 2015-2019 онд Улсын Ерөнхий прокуроор ажилласан. Аз гэх үү, амьдралынх нь төөрөг гэх үү, түүнийг Улсын Ерөнхий прокуророор ажилласан энэ дөрвөн жилд нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэргийн дуулиан дамнан үргэлжилж, түүнд “түрийвч”-ээ түнтийлгэх таатай завшаан болжээ. 


      Эхнээс нь товч, тодорхой тайлбарлая. 2016 оны зургадугаар сарын 28-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвлэлийн хурал хийж, “Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ОХУ-ын “Ростех” компаниас Монгол Улсын мэдэлд 100 шилжлээ” хэмээн зарлаж байв. Үнэндээ “Сахал” Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк охин компани болох “Монголиан коппер корпорэйшн” ХХК-иараа дамжуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсныг амжиж “тунхагласан” нь тэр байлаа. Ингээд энэ үйл явдлийн маргааш нь УИХ-ын сонгуулийн дүн гарч, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Эрх баригч МАН-ын хувьд энэ “наймаа”-г хууль бус гэж үзэж, эсрэг байгаагаа илэрхийлсэн. Улмаар сонгуулийн назгайрал дуусмагц, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчид авах тухай агуулгатай 23 дугаар тогтоол гаргаж, 2018 оны нэгдүгээр сарын 4-нд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа ээлжит бусаар хуралдуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргаснаа зарласан. Харин “Сахал” Д.Эрдэнэбилэгийн буюу “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авсан нь энэ шийдвэр нь хууль бус гэж үзэж шүүхэд хандсан. Ингэж “Эрдэнэтийн 49 хувь” гэх “дайн” эхэлсэн түүхтэй.

Тэгвэл энэ “дайн”-аас хамгийн их хожсон, хоёр талд ажилласан нь М.Энх-Амгалан буюу тэр төрийг төлөөлөх, хууль биелүүлэх ёстой атлаа эсрэгээрээ “Сахал” Д.Эрдэнэбилэгийн талд үйлчилж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг “гацааж” байсан ноцтой баримт байна.

       

Тодруулбал, дээр дурдсанчлан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой улс төрийн үйл явц өрнөж байх зуур цаана нь Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрынхан энэ хэрэг дээр анхааралтай ажиллаж байжээ. Энэ наймааны цаана маш том “луйвар” өрнөсөн байх ноцтой сэжүүрээс ч барьж авч амжсан байгаа юм. Ингээд Худалдаа хөгжлийн банк “Монголиан коппер корпорэйшн” ХХК-тай хэнээр, ямар замаар холбогддог, захирал гэх Ц.Пүрэвтүвшин нь чухам хэн болох, 49 хувийг худалдаж авсан 400.2 сая ам.доллар гэх асар их мөнгө хаанаас гарсан, энэ мөнгийг дансаараа дамжуулсан “Кью Эс Си” ХХК энэ наймаанд ямар холбоотой болох зэрэг бүх сэжүүрүүдийг судалж, нэгтгэн хэрэг үүсгэх болохоор л Нийслэлийн прокурорын газраас буцаагдаад байжээ. Нийтдээ 21 удаа буцаагдсан гэх.

 

Тэгвэл “Сахал” Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк, шууд удирдлагатай “Монголиан коппер корпорейшн” ХХК, “Кью Эс Си” ХХК-иудад хир халдаахгүй хамгаалж, хууль хяналтынхныг ойртуулахгүй хаацайлж, хэргийг нь буцааж байсан хүн нь тухайн үед Улсын Ерөнхий прокурор байсан М.Энх-Амгалан ажээ. Тэр Улсын Ерөнхий прокурор болсон цагаасаа Б.Амгаланбаатар, Б.Хурц нарын прокуроруудаар багаа бүрдүүлж, Худалдаа хөгжлийн банканд хир халдаахгүй байх ажлуудаа даалгаж байсан гэх. Жишээ  нь, прокурор Б.Амгаланбаатарыг Нийслэлийн прокуроор томилуулж, дараа нь Улсын Ерөнхий прокурорын орлогч болгож дэргэдээ авсан байдаг. 

 

 

Тайлбар: УЕП М.Энх-амгалан, орлогч Б.Амгаланбаатарынхаа хамт

Түүнийг ийнхүү “Сахал” Д.Эрдэнэбилэгт үйлчилж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэргийг прокурорт шилжүүлэхгүй “гацаахад” голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа баталж байлаа. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 4-нд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас авсан 400.2 сая ам.доллароор худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн хөрөнгө босгосон санхүүгийн схем буюу энэ мөнгөний 72.4 хувь нь төрийн мөнгө байсныг олон нийтэд танилцуулсан. Энэ үеэрээ маш ноцтой гурван өгүүлбэр хэлсэн ч төдийлөн анзаарагдалгүй үлдсэн байдаг. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ “Нэг асуудлыг онцолмоор байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар авсан Худалдаа хөгжлийн банк буюу “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн хэрэгт хууль хяналтын байгууллага, удирдлагууд нь гүнзгий оролцсон. Учир нь, “Монголиан коппер корпорэйшн” ХХК “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мөнгөөр авсан тухай схемийг нотлох гэж Нийслэлийн прокурорын газарт ЦЕГ, АТГ-аас хоёр удаа хандахад холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, дансны электрон нотлох баримтыг өгөхгүйгээр хоёр жилийн хугацаанд хав дарж, хаасан” гэж мэдэгдэж байв.

Ингээд Л.Оюун-Эрдэнийн энэхүү мэдэгдлээс яг 24 хоногийн дараа Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг албан тушаалаас нь огцруулсан байдаг.


УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХҮРГЭН БОЛОН ТӨРСӨН ДҮҮГИЙНХ НЬ ЭЗЭМШДЭГ “ТАЛЫН ХИШИГ МАЙНИНГ” ХХК “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН “ДАРХАН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК-ИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙГ УРД ХӨРШ РҮҮ ЗӨӨДӨГ БОЛЖЭЭ

Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “улаан хамгаалагч” хийж, улсын хуулиас дээгүүрт залсныхаа “хөлс”-ийг тун өвөрмөц бөгөөд далд хэлбэрээр авч байжээ.


        Тодруулбал, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан, төрсөн охины Э.Уянгынх нь нөхөр буюу хүргэн О.Хонгор нар нь БНХАУ-ын иргэн На Рэн Ту Яа гэгчтэй хамтран “Талын хишиг майнинг” ХХК-ийг эзэмшдэг ажээ. “Талын хишиг майнинг” ХХК нь төмөр замын тээвэр, зуучийн үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд 2017 оны сүүлээр буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэргийн дуулиан ид дэгдэж эхэлж байх үед байгуулагджээ. “УБТЗ” ХНН-ийн албан ёсны сайтад дурдсанаар тус компани 265 вагонтой гэнэ.
Хамгийн ноцтой нь, “Сахал” Д.Эрдэнэбилэгт холбогдох “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэргийн “гал” намжсан цагаас эхлэн “Талын хишиг майнинг” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай “Төмрийн хүдэр тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэгчийг байгуулан хамтран ажиллах болжээ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны найдваргүй зээлээрээ зард гарсан “Кью Эс Си” ХХК 2014 оны дөрөвдүгээр сараас 30 жилийн хугацаатай концессоор эзэмшиж эхэлсэн бөгөөд товчхондоо түүний компани гэдгийг уншигчид андахгүй биз ээ. Тэгвэл “Талын хишиг майнинг” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төмрийн хүдрийг урд хөрш рүү зөөх замаар дундаас нь асар их ашиг олдог байх юм.
Жишээ нь, 2020 онд л гэхэд Сэлэнгэ аймгийн Төмөртэй өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас сард 13.4 мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэж, төлбөрт нь 213 сая төгрөг авахаар гэрээлж байжээ. Чухамдаа, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтын хаалга сахихгүй байх бат хамгаалалт болж, хариуд нь төрсөн дүү, хүргэн хоёр нь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн компанийн төмрийн хүдрийг зөөж, түрийвчээ түнтийлгэж байгаа тодорхой логик харагдаж байгаа биз ээ.
Түүнчлэн, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан, хүргэн О.Хонгор нар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төмрийн хүдрийн төмөр замаар тээвэрлэхээс гадна хямд үнээр худалдан авч, хилийн цаана зөөж аваачаад үнэ хүргэж зардаг байж болзошгүй өөр нэгэн ноцтой баримт байна. Тодруулбал, М.Бат-Амгалан, О.Хонгор нартай “Талын хишиг майнинг” ХХК-ийг хамтран эзэмшдэг На Рэн Ту Яа гэгч нь БНХАУ-д бүртгэлтэй “Эрээн хотын Жин Шин Шэнь экспорт, импорт худалдаа” гэх компанитай ажээ. Тус компани нь мөн л “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай “Төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, тус компаниас авсан төмрийн хүдрээ өнөөх “Талын хишиг майнинг” ХХК-иараа Эрээн боомт хүртэлд зөөлгөж, цааш нь дамлаж зардаг аж. Ингээд харвал, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү, хүргэн, тэднийх нь бизнесийн хамтрагчид нь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-т ёстой л дураараа дургидаг ажээ.
Уг нь 2010 оны есдүгээр сарын 29-нд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон “Кью Эс Си” ХХК-тай “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл” хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэж байв. Улмаар 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамтай “Уул уурхай металлургийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-г 30 жилийн хугацаатай байгуулсан. Ингээд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК концессын гэрээгээр “Кью Эс Си” ХХК-ийн мэдэлд буюу Д.Эрдэнэбилэгийн “өмч” болсон түүхтэй.
Анх хэрэгжүүлж эхэлсэн “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл” ёсоор бол “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК жилд 300 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг бүрэн хангах байсан. Гэтэл эсрэгээрээ урд хөрш рүү төмрийн хүдэр гаргадаг уул уурхайн компани болж хувирсан. Зөвхөн 2014 оноос хойш долоон сая тонн хүдэр зарж, нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон тоон мэдээлэл байна. Урд хөрш рүү зарсан төмрийн хүдрийнх нь тодорхой хувь дээр дурдсанчлан Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаар дамжсан гэж болно.
         Сонирхуулахад, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байх 25 сая тонн нөөцтэй Төмөр толгой, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байх 230 сая тонн нөөцтэй Төмөртэйн ордоос хүдэр олборлож, урагш нь гаргаж буй. Мөн 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын орд энэ компанийн мэдэлд байдаг.
Бид өмнөх дугаартаа Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан Зам, тээврийн сайд асан А.Гансүхээс бэлэн бусаар буюу газрын авлига авч, эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгсөн байж болзошгүй баримтыг дэлгэсэн. Энэ удаад М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргийг прокуророос буцаах замаар хууль хяналтынхнаас хаацайлж, хариуд нь төрсөн дүү, хүргэн хоёроороо “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас төмрийн хүдэр авхуулж, төмөр замаар зөөлгөн, хил цаана гаргаж зардаг байх баримтыг хүргэлээ. УИХ-ын чуулганы индрээс шударга ёс шаардаж явсан М.Энх-Амгалан үнэн хэрэгтээ шударга нэгэн байж уу, шуналтай нэгэн байж уу гэдгийг уншигч та тунгаах биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: ERGELT.MN 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *