|

“Аав минь нойргүй хонон, хамаг зүйлээ шавхаж зээлээ төлж барагдуулсан”

Хөгжлийн банкны шинэ удирдлага Сар шинийн өмнөхөн чанаргүй зээлдэгч, зээлээ төлдөггүй 25 компаниудын нэрсийг олон нийтэд зарлав. Зээл авсан 25 компанийн эзэмшигч нар нь улс төрийн нөлөө бүхий эрхмүүд байсанд ард иргэдийн дунд шүүмжлэл дагуулж, хэдэн сарыг дамнан Хөгжлийн банкны мэдээлэл олны анхаарлыг татсаар байна.
Харин энэ удаа чанаргүй зээлдэгч эзэнтэй компанийн тоонд орсон “Вояжер минерал ресурсес” ХХК Хөгжлийн банкнаас 414,1 сая иенийн зээлээ төлж барагдуулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэвлэлд яриа өгчээ. Учир нь “Вояжер минерал ресурсес” ХХК нь Ч.Ундрам гишүүний аавын нэр дээрх компани бөгөөд гишүүнийг 2020 онд сонгуульд нэр дэвшихэд түүний аав хамгийн их мөнгө хаяж, санхүүжилт өгсөн юм.
Тэрээр, Миний аав олонд хүндлэгдсэн баялаг бүтээгч бизнесмен хүн. Дэлхийн аль ч санхүүгийн байгууллагаас шаардлагатай зээлээ аваад, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Би аавдаа хайртай. Миний аав намайг бизнестээ оролцуулдаггүй. Учир нь намайг мөнгөтэй биш номтой хүн болгохын төлөө хүмүүжүүлсэн. Аав минь охиндоо санаа зовж нойргүй хоносон байсан. Надаас уучлал гуйж, энэ тэндээс бүх зүйлээ шавхаад зээлээ эргэн төлсөн. Одоо ямар ч зээлийн асуудалгүй болсон. Хөгжлийн банкны зээлдэгч нарын мэдээллийг олон нийтэд эл болоход л зээлтэй холбоотой мэдээллийг мэдсэн. Би тухайн үед намын гишүүнээс түдгэлзсэн байсан үе болохоор аавынхаа зээл авах асуудалд оролцоогүй. Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгч нар авсан бол буцааж төлөх л хэрэгтэй гэж би бодож байгаа. Надад хийсэн юм байхгүй ч намаас өгсөн үүргийн дагуу өөрийгөө шалгуулах хүсэлтээ өгнө ” гэжээ. 
А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *