Б.Ариунзаяаг МУИС-иас хасах захирлын шийдвэр гарчээ
Энэ сарын 1-ний өдөр МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсийн оюутан Б.Ариунзаяа нь кофе шопд өөр рүү нь муухай харсан гэх шалтгаанаар 18 настай охинтой маргахдаа өөрийн барьж байсан халуун кофегоо толгой дээр нь асгасан хэрэг гарсан билээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэрээр овоглон, хуулийг сахин дээдлэх учиртай оюутан нь ёс зүйгүй үйлдэл гаргаж олны бухимдлыг төрүүлсэнд тус сургуулийн оюутнууд Б.Ариунзаяаг сургуулиас хөөх гарын үсэг цуглуулж эхэлсэн. Уг асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургууль хуралдаж, түүнийг сургуулиас хасах шийдвэрээ МУИС-ийн Захиргаанд гаргасан байдаг.
Харин МУИС-ийн Захиргаа уг асуудлаар хуралдсан эсэхийг МУИС-аас тодруулахад “МУИС-ийн Захиргаа Б.Ариунзаяаг хасах шийдвэр гаргасан. Түүнийг гурван удаа дуудаж, тайлбар мэдээлэл авсан. Улмаар сургуулийн гаргасан шийдвэрийг өөрт нь хүлээлгэн өгсөн байгаа. Б.Ариунзаяа ч шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн” гэв.
А.ЭНХЖИН