Москвагийн Их сургуульд тэтгэлгээр 10 оюутан сургана
ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.
Энэ хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж суралцуулах юм.
Мэргэжлийн чиглэл:
-М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан
-Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.
Тавих шаардлага:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
- ОХУ-ын болон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
- Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
- ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа гэсэн шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.
Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны +51 263181, Гадаад харилцааны яамны +51 261832, +51 262184 утсаар авах боломжтой.
А.ЭНХЖИН