Г.Ёндон: Ашигт малтмалын хайгуулын лицензийг гурав дахин нэмэгдүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2022.04.01/ Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “2011 онтой харьцуулахад хайгуулийн тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурсан байна. Иймд энэ салбарын хөрөнгө оруулалтыг татах, таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг бүрэн цахимжуулсан.
2022 оны дөрөвдүгээр сард ашигт малтмалын хайгуулын лицензийг гурав дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр, хайлуур жонш, цайр зэрэг 10 орчим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлон анхан шатны боловсруулалт хийж экспортод гаргаж байна.
2021 оны жилийн эцсийн байдлаар 30.1 сая тонн нүүрс, 19 тонн алт, 1.3 сая тонн зэсийн баяжмал, 3.7 сая тонн төмрийн баяжмал зэргийг олборлосон.
Цар тахлын улмаас БНХАУ хилээ хаасантай холбогдуулан нүүрсний экспорт 56.3 хувь, төмрийн хүдэр баяжмалын экспорт 88.9 хувийн гүйцэтгэлтэй байсан” гэлээ.