ЭМ-ийн сайд С.Энхболд ЧД, БГД-ийн эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэгт ажиллалаа
Өчигдөр /2022.04.02/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Нийслэлийн ЭМГазрын дэд дарга Л.Зэндмаа нар БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Насанд хүрэгчдийн болон Хүүхдийн салбар эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тус тус ажиллалаа.
БГД-ийн Эрүүл мэндийн төв нь тус дүүргийн 250000 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийт хүн амын 92000 гаруй нь 0-18 насны хүүхдүүд байна.
Хүүхдийн томуу, томуу төст өвчлөлд RSV вирусийн халдварын тохиолдол өндөр, эмнэлгийн ачаалал 17:00 цагаас хойш эрс нэмэгдэж байгааг эмч хэлж байлаа. Цэцэрлэг сургууль эхэлсэнтэй холбоотой 0-5 насны хүүхдийн дунд амьсгалын замын цочмог халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг энэ үеэр онцолж байв.
Өнөөдрийн байдлаар БГД-ийн Хүүхдийн салбар эмнэлэгт 204 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амбулатортиор үзүүлсэн хүүхдийн тоо өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад буурч байгааг эмч нар хэллээ. Хүүхдийн томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэн үеэр 100 ор нэмж дэлгэсэн байна. Мөн насанд хүрэгчдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус тасагт нийт 117 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.
Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт ажиллав. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 536 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Яаралтай тусламжийн тасгаар хоногт 280-330 хүүхэд үзүүлж байгаагийн 40% нь халуурсан, ханиалгасан, шуугиантай амьсгал нь ихссэн гэсэн зовиуртай хүүхдүүд эзэлж байгааг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дарга Т.Болормаа онцлов. 10 хоногийн өмнөхөөс өнөөдрийн байдлаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүд 20 хувиар буурсан байна.