|

УЕП асан М.Энх-Амгалангийн “сахал” Д.Эрдэнэбилэгээс төмрийн хүдэр авч, тээвэрлэж, хилийн цаана борлуулдаг компаниуд

“Би “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан процесс чинь тэр чигээрээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна, та шалга аа” гэж Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд очиж хэлсэн. Гэтэл тэр миний өөдөөс харж байгаад “Ж.Батзандан гишүүн ээ, энэ гэмт хэрэг биш ээ” гэж хэлсэн. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан бол МАНАН бүлэглэлээс тавьсан прокурор. Өөрөөр хэлбэл, түүнийг Ц.Элбэгдорж, түүний цаана “сахал” Д.Эрдэнэбилэг, Б.Хурц нар “захиалж” энэ албан тушаалд томилсон. М.Энх-Амгалан үхэн үхтлээ МАНАН бүлэглэлийг хамгаалаад дуусна”
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан – Төрийн ордон-2019 оны гуравдугаар сарын 4. 
“…“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар авсан “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн хэрэгт хууль хяналтын байгууллага, удирдлагууд нь гүнзгий оролцсон. Учир нь, “Монголиан коппер корпорэйшн” ХХК “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мөнгөөр авсан тухай схемийг нотлох гэж Нийслэлийн прокурорын газарт ЦЕГ, АТГ-аас хоёр удаа хандахад холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, дансны электрон нотлох баримтыг өгөхгүйгээр хоёр жилийн хугацаанд хав дарж, хаасан”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ – Төрийн ордон-2019 оны гуравдугаар сарын 4
“Шударга” нэрт М.Энх-амгалан 2017-2019 онд Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаа ашиглан “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас хууль бусаар худалдаж авсан ноцтой хэргийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулахгүй “гацааж”, түүнд холбогдох хэргийг прокуророос 21 удаа буцаадаг байдаг. Ингэснийхээ хариуд өөрийн хүргэн О.Хонгор, төрсөн түү М.Бат-Амгалан, бизнесийн хамтрагч БНХАУ-ын иргэн На Рэн Ту Яа нарынхаа “Талын хишиг майнинг” ХХК-иар “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төмрийн хүдрийн баяжмалыг урд хөрш рүү тээвэрлэх эрхтэй болж, асар их ашиг олж эхэлсэн ноцтой баримтыг бид өмнөх нийтлэлдээ дэлгэсэн.
Тэгвэл энэ удаад илүү ноцтой буюу Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн хүргэн О.Хонгор, төрсөн дүү М.Бат-Амгалан, бизнесийн хамтрагч На Рэн Ту Яа нар Монголоос төмрийн хүдрийн баяжмал хямд үнээр авч, урд хөршид аваачиж үнэ хүргэж зарах бүхэл бүтэн сүлжээ бий болгосныг баримтаар дэлгэж байна. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан нь ердөө 2018-2020 онд “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас төмрийн хүдрийн баяжмал худалдах авах, төмөр замаар тээвэрлэх, гаалийн хяналтын бүсэд ачиж буулгах, хилийн цаана тосож аваад цааш борлуулах буюу бүх шатанд дөрвөн компанийг байгуулжээ. 

1. ХУДАЛДАН АВАХ: М.БАТ-АМГАЛАН, НА РЭН ТУ ЯА НАРЫН “ЭРЭЭН ХОТ ЖИН  ШИН ШЭНЬ ЭКСПОРТ ИМПОРТ ХУДАЛДАА” ХХК 2019 ОНООС “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК-ИАС ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ ХУДАЛДАН АВЧ ЭХЭЛЖЭЭ

 

2017-2019 онд буюу “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэргийн дуулиан ид дэгдэж, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан түүнийг “улайран” хамгаалж байх үед түүний төрсөн дүү М.Бат-Амгалан нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн На Рэн Ту Яа гэх эмэгтэйтэй хамтран Монголд болон БНХАУ-д хэд хэдэн компани байгуулж амжжээ. Чухамдаа М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтынхнаас хамгаалсныхаа хариу төлбөрийг төрсөн дүү М.Бат-Амгалангаараа дамжуулан авсныг нотлох баримтууд юм. Тэдгээр компаниудыг нь дор өгүүлэх болно. 
Худалдан авах шатнаас нь эхэлье. М.Бат-Амгалангийн бизнесийн хамтрагч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн На Рэн Ту Яа гэгч нь Эрээн хотод 2018 оны нэгдүгээр сарын 4-нд “Эрээн хот Жин  Шин Шэнь экспорт импорт худалдаа” ХХК-ийг 50 сая юанийн хөрөнгөтэйгөөр байгуулсан байна. Энэ компани нь нүүрс, төмрийн хүдрийн импорт хийх зөвшөөрөлтэй байгуулагджээ. Ингээд жилийн дараа буюу 2019 онд “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-ийн эзэмшдэг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас “Төмрийн хүдэр худалдан авах гэрээ”-г байгуулж чадсан байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд 25 сая тонн нөөцтэй Төмөр толгой, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 230 сая тонн нөөцтэй Төмөртэйн ордоос хүдэр олборлож, БНХАУ-ын компаниудад зарж буй. Зөвхөн 2014 оноос хойш долоон сая тонн хүдэр зарж, нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон тоон мэдээлэл байна.

2. ТЭЭВЭРЛЭХ: М.БАТ-АМГАЛАН, НА РЭН ТУ ЯА, О.ХОНГОР НАРЫН “ТАЛЫН ХИШИГ МАЙНИНГ” ХХК 2020 ОНООС “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК-ИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛЫГ УРД ХӨРШ РҮҮ ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭЖ ЭХЭЛЖЭЭ

 

Ийнхүү “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас төмрийн хүдрийн баяжмал худалдан авч эхэлсэн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн На Рэн Ту Яа нар тээвэрлэлтээ бусдаар хийлгэхийг хүсээгүй буюу тээвэрлэлтээр давхар мөнгө авахыг хүссэн аж. Улмаар тэд “Талын хишиг майнинг” ХХК-ийг хамтран эзэмшиж эхэлжээ. Ингээд “Талын хишиг майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн охин Э.Уянгын нөхөр О.Хонгорыг томилжээ. О.Хонгор нь “Талын хишиг майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Нийслэлийн МАН-ын бүлгийн ажлын албанд ажилладаг, жирийн л нэг залуу байж.
Ингээд “Талын хишиг майнинг” ХХК-иараа “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төмрийн хүдрийн баяжмалыг Сэлэнгэ аймгийн Төмөртэй өртөөнөөс БНХАУ руу тээвэрлэх гэрээ байгуулж эхэлжээ. Ингэхдээ сард 13.4 мяган тонн төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх буюу 213 сая төгрөгийн ашигтай ажиллахаар гэрээлж байжээ. Эндээс харвал, На Рэн Ту Яа, М.Бат-Амгалан нар “Эрээн хот Жин  Шин Шэнь экспорт импорт худалдаа” ХХК-иар дамжуулан “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Дарханы төмөрлөгийн үйлдэр” ХК-иас төмрийн хүдрийн баяжмал аваад зогсохгүй өөрсдийн “Талын хишиг майнинг” ХХК-иараа тээвэр хийлгэж, давхар мөнгө авч байжээ.
Ийнхүү “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас төмрийн хүдрийн баяжмал зөөж эхэлсэн “Талын хишиг майнинг” ХХК өнгөрөгч 2021 оноос 265 вагонтой болж, илт өргөжжээ.  Улмаар 2021 оны арваннэгдүгээр сард “Зүүнбаян төмөр зам” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн байна. Уг санамж бичигт “Талын хишиг майнинг” ХХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замаар хийгдэх уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тусгажээ.
Сонирхуулахад, М.Бат-Амгалан, На Рэн Ту Яа нарын эзэмшдэг “Талын хишиг майнинг” ХХК нь 2020 оны хоёрдугаар сард буюу коронавирусийн цар тахал дөнгөж эхэлж байхад МҮХАҮТ-иар дамжуулан Монголын компаниудыг урд хөршид туслахыг уриалж аян өрнүүлж байсан бөгөөд өөрсдөө БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 100 сая төгрөг хандивлаж байжээ.

3. ШИЛЖҮҮЛЭХ БУЮУ АЧИЖ БУУЛГАХ: М.БАТ-АМГАЛАН ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСЭД ТАЛБАЙТАЙ “ШИНЭ АЗИ ЛОЖИСТИК”-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛЖЭЭ

М.Бат-Амгалан, На Рэн Ту Яа нар “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас “Эрээн хот Жин  Шин Шэнь экспорт импорт худалдаа” ХХК-иар дамжуулан төмрийн хүдрээ худалдаад авчихлаа, “Талын хишиг майнинг” ХХК-иараа Сэлэнгэ аймгийн Төмөртэйн өртөөнөөс ачуулчихлаа, цааш нь яах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Тэгвэл М.Бат-Амгалан 2020 оны арванхоёрдугаар сарын 16-наас “Шинэ Ази Ложистик” ХХК-ийн хамтран эзэмшигч болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Энхсайхан гэгч ажилладаг ажээ. Цааш нь судалбал, Б.Энхсайханы нэр болон “Шинэ Ази ложистик” ХХК-ийн хаяг дээр “Шанд ложистик” ХХК давхар бүртгэлтэй байдаг юм байна.
Харин “Шанд ложистик” ХХК нь “Шанд ложистик” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овооны өртөөний VIII замд нурмаг буюу төмрийн хүдрийн баяжмал мэтийн ачаа ачиж, буулгах талбайтай ажээ.
Тайлбар: “Шинэ ази ложистик” ХХК, “Шанд ложистик” ХХК-ийн талбайн бүртгэл
Сонирхуулахад, Б.Энхсайхан гэгч нь “Монгол-Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийн дэмжих нийгэмлэг” ТББ-ын ТУЗ-д багтдаг бөгөөд энэ төрийн бус байгууллагын ТУЗ-д Б.Энхсайхантай хамт УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар багтаж байжээ.

4. ХИЛЭЭС ЦААШ БОРЛУУЛАХ: Б.БАТ-АМГАЛАН, НА РЭН ТУ ЯА НАР БНХАУ-ЫН ХАЙКОУ ХОТОД “ХАЙНАН МУЖ ЖИН ХҮЙ ЗӨ ҮЙЛДВЭРЛЭЛ” ХХК-ИЙГ ХАМТРАН БАЙГУУЛЖЭЭ

Ийнхүү Монголоос төмрийн хүдрийн баяжмал хямд үнээр худалдан авч, тээвэрлэх болсон Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан нь хилийн цаана компани байгуулахаа ч мартаагүй ажээ. Тодруулбал, М.Бат-Амгалан өнөөх БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн На Рэн Ту Яа-тайгаа болон БНХАУ-ын иргэн Дун Ян Вэй, Мэн Күй Күй нартай хамтран БНХАУ-ын Хайкоу хотод “Хайнан муж Жин Хүй Зө Үйлдвэрлэл” ХХК-ийг байгуулжээ. М.Бат-Амгалан ахиу хувьцааг нь эзэмшдэг учраас “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж бүртгэсэн байна. Энэ компани нь Хайкоу хотын эдийн засаг, өндөр технологийн бүсэд байрладаг ажээ.
Сонирхуулахад, бид ӨМӨЗО-ны Эрээн хотод бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний импорт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эзэмшигчдийн бүртгэлээс На Рэн Ту Яа нэрээр шүүлт хийж үзэхэд 2018-2020 онд түүний нэр дээр 20 орчим аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан байна.
Эх сурвалж : Ergelt.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *