Н.Учрал: 21 дүгээр зууны залуус мэдээлэлтэй, мэдлэгтэй өөр болж, асуудлыг өөр өнцгөөс харж, судалгаа шинжилгээтэйгээр ярих болсон
Та бүхэндээ “ШИНЭ ҮЕ-ШИНЭ СЭРГЭЛТ” ээлжит бус Их хурлын тайзнаа тавьсан илтгэлээ (I хэсэг) хүргэж байна. Бидний хурлын хоёр дахь өдөр “ШИНЭ ҮЕ-ШИНЭ СЭРГЭЛТ” хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
“Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны үе үеийн ерөнхийлөгчид МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, дэд ерөнхийлөгчид, аймаг дүүргийн салбар зөвлөлийн дарга нар, гишүүд, дэмжигчид Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн үзэл санаа, зорилгоороо нэгдсэн залуус та бүхэнд МАСЗХ, НАМЗХ үүсэн байгуулагдсаны 25 жилийн түүхт ойн өдөр, НАМЗХ-ны ээлжит бус их хурлын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Ардын нам 2016, 2020 он буюу 2 удаагийн Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн эрхийг дангаар хэрэгжүүлээд даруй 6 жил өнгөрөөд байна. Энэ цаг хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, иргэдийн амьжиргааг сайжруулах, нийгмийн дэд бүтэц, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төрийн хүнд суртлыг бууруулж иргэддээ ээлтэй тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой зорилтуудыг баримталж ирсэн ч дотоод гадаад хүчин зүйлсээс хамаарсан урьдчилан тааж мэдэх боломжгүй саад бэрхшээлүүд бидний өмнө тулгарсаар байна.
Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд манай улс 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямралд өртөж, ДНБ 5.3 хувиар агшиж, 548 мянган ажлын байр, 30-аад мянган компани эрсдэлд орж, өнөө ч үр дагавар нь арилаагүй байна. Улмаар нийгэм, гэр бүл цаашилбал хувь хүний харилцаанд хүртэл нөлөөллөө үзүүлж, эргээд харахад дэлхийн нийтийг хамарсан дараагийн сорилт бэрхшээлд бид, манай Монгол Улс бэлэн үү гэдэг асуултыг асуухад хүргэж байна.
Тэгвэл цар тахлын үр дагавар арилаагүй, дэлхийн улс орнуудын худалдаа, эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч, нээгдэж амжаагүй байхад ОХУ болон Украйн хоорондын геополитикийн зөрчил, хямрал дэлхий дахинд дахин ээдрээтэй нөхцөл байдлыг бий болгоод байна.
Энэ сорилт, бэрхшээлийн үед манай холбооны хурал зохион байгуулагдаж байгаа нь чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, намын байгууллагууд болон хувийн хэвшил, иргэд бүхий л түвшинд, шат шатандаа хариуцлагатай, ёс зүйтэй, нэгдмэл үзэл санаа зарчимтай байх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Манай намын бүрдүүлсэн засгийн газрын зүгээс тулгарч буй саад, бэрхшээлийг амжилттай даван гарах үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг зорьж ирсний үр дүнд Ковид цар тахлыг бусад оронтой харьцуулахад хүндрэл багатай давж хорио цээрийн дэглэмээ сулруулж энгийн амьдралдаа шилжих шилжилтэд иргэдтэйгээ хамтран урагшилсаар байна. Засгийн газрын бодлого шийдвэрүүд цаг үеэ мэдэрсэн хурдан шуурхай гарч буй нь нэг талаасаа сайшаалтай ч нөгөө талаасаа нам төрд бугшсан, үеэ өнгөрөөсөн зарим нэг уламжлал болон тогтсон дэг жаяг, тогтолцоо, хэм хэмжээнүүд нь тулгарсан асуудлыг шуурхай, дорвитой шийдэж, үүссэн нөхцөл байдлыг эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөөлөл багатай даван туулахад чөдөр тушаа болсоор байгаа нь нууц бишээ.
Ухамсартай, мэдлэгтэй, хариуцлагатай зөв хандлага руу шилжихгүйгээр намын мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлсэн зорилго зорилт, бидний хүсэн хүлээсэн үр дүнд 2024 онд хүрэх эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Монгол Ардын нам болон манай холбооны зүгээс өнөөг хүртэл хийж хэрэгжүүлээд байгаа ажил, хүрсэн үр дүнгээ шат шатандаа үнэлж, бүхий л түвшинд хариуцлагатай, санаачилгатай, идэвхтэй байх асуудал бид бүгдийн өмнө зүй ёсоор тулгарч байна.
Амаргүй цаг үеийг даван туулах үүрэг, хариуцлагыг дан ганц Засгийн газарт хариуцуулж, аливаа шийдэлгүйгээр алдаа, дутагдлыг шүүмжилж суухыг шинэ үеийн залуус хүсэхгүй ээ. Энэ бол бидний үеийн зөв хандлага ч биш. Харлуулахын төлөө шүүмжилдэг, хамтарч ажиллахын оронд хий хоосон бухимдаж атаа жөтөөгөөр буузны мах шиг хооллох сөрөг хандлагад үгүй гэж хэлж чадах шинжлэх ухаанч гаргалгаатай, шийдлийн төлөө цохилдог зөв дуу хоолой үгүйлэгдэж байна.
Залуус бид цаг үеийн дуудлагаас хоцрох ёсгүй. Өнгөрснөөс суралцаж өнөөдөртэй дүйцүүлж ирээдүйг харсан ирмүүн эрмэлзэл санаачилга дор манай холбооны залуус та бүхэн нэгдэн нягтарч бурууд хатуу, зөвд зөөлөн орчин цагийн залуусын шинэ хандлагыг цаг үетэйгээ нийцүүлж бүтээх учиртай.
21 дүгээр зууны залуус мэдээлэлтэй, мэдлэгтэй өөр болж, асуудлыг өөр өнцгөөс харж, судалгаа шинжилгээтэйгээр ярих болсон. Үр ашиггүй хөрөнгө оруулалт, алдаатай системээс хэдхэн хүн хожих боловч, үүсэх үр дагаврын төлөөсийг бид болон бидний үр хүүхдүүд амьдралаараа төлнө. Иймд залуус бид хүчтэй, нэгдсэн дуу хоолойтой байж улс орны хөгжилд саад тотгор болсон зүйлсийг эрс шийдэмгийгээр шүүмжлэн, зохих хариуцлагыг нэхэх, зөв, шударга залуусыг нам харгалзахгүй өмгөөлөн хамгаалах нь Манай холбооны эрхэм үүрэг гэж ойлгож байна.
Нэг л Монгол, нэг л эх орон, нэг монголчууд гэдгээ ухамсарлан үндэсний язгуур эрх ашгийн төлөө дуу нэг, дугтарвал хүч нэг байх эрхэм үүргээ ухамсарлах хэрэгтэй.
Эрхэм залуучууд, хурлын төлөөлөгчид өө,
Миний бие залуучууд та бүгдийнхээ их итгэлийг даах үүргийг хүлээж, VI их хурлаас Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших хугацаанд аливаа асуудалд ул суурьтай хандах, нэгдмэл үнэт зүйл, эе эвээ эрхэмлэх, залуучуудаа хөгжүүлэх, дэмжих, уламжлал, шинэчлэлийг технологийн хөгжилтэй хослуулж, ондоошлын дархлаатай байх, дэлхий нийттэй хөл нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөөх алсын бодлогыг баримтлан, төр, намын бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж ирлээ. Миний бие анх сонгогдохдоо дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө дагуу 13 салбар хороонд холбооны гишүүдийнхээ ажил мэргэжил, мэргэшсэн байдал, эзэмшсэн боловсролоор хувааж, салбарын залуучуудын салбарт үүссэн хүндрэл бэрхшээл тулгамдсан асуудлыг ярилцаж шийдэл гаргадаг, өөрсдөө төсөл санаачилдаг, төрийн бодлого шийдвэрт саналаа тусгадаг, эрүүл тогтолцоог бий болгохоор зорьж ажилласны үр дүнд холбооны гишүүдээ цахим бүртгэлд хамруулж 41000 гишүүнийг бүртгэлжүүлж, оролцоонд суурилсан онооны тогтолцоог бий болгон төсөл хөтөлбөр санаачилсан, нийгмийн хариуцлага хэрэгжүүлсэн, залуучуудынхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг ЦАХИМ НАМЗХ апп-д бүртгэж гишүүдээ шударгаар үнэлж эхэлсэн. Салбар хороодыг дэд ерөнхийлөгч нар ахалж 2020 оны шат шатны сонгуульд дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөрт тусгуулсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, Инновацын татваргүй бүс байгуулах, дагуул хот байгуулах, тэтгэврийн шинэчлэл хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг төгөлдөржүүлж мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх, төрийн цахим шилжилтийг хурдасгаж хүнд сурталгүй, авлигагүй, төрийн үйлчилгээг бий болгох зэрэг асуудлууд өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд одоо эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхийг манай холбооны гишүүд УИХ, 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-д сонгогдсон гишүүд, төлөөлөгчдөөрөө дамжуулан хянаж шаардах нь зүйтэй юм. Залуучууд төрийн бодлого шийдвэрт нөлөөлж өөрсдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөв гарцыг олж илрүүлж илүү ажил хэрэгч байх нь зүйд нийцнэ. Миний бие ОУПХолбооны НҮБ-ын асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажилладгийн хувьд Испанийн Мадрид хотод болсон “Залуу парламентчидын форум”-д үг хэлэхдээ Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг манай улс баталснаа дурдахад манай улсын тус сайн туршлагыг форумын ерөнхийлөгч ихэд үнэлж “Би залуу парламентчидыг дэмжинэ” олон улсын кампэйндээ манай улсыг татан оролцуулж дэмжихээ илэрхийлсэн. Манай холбоо тус кампейныг дэмжиж ажиллан 2023 онд бүсийн чуулганыг Монгол Улсад зохиох түүхэн үүргийг хүлээснээ дуулгахад таатай байна. Хүн амын 32 хувийг эзэлж буй 35 хүртэлх насны залуусын оролцоог хангаж байж залуучуудын асуудал тэр дундаа насны бүтцээр бол хүн амын гуравны нэгийг эзэлж буй иргэдийнхээ амьжиргааг дэмжих нь дамжиггүй юмаа.
Олон улсын социал демократ залуучуудын холбооны гишүүнээр өдгөө хүртэл ажиллаж буй Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо, одоогийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо нь 1997 онд үүсгэн байгуулагдаж Монгол Ардын намд шинэ хандлага, шинэ өөрчлөлтийг цаг үетэй нь нийцүүлж шинэчлэлийн галыг дүрэлзүүлсээр, ирсэн зарчмаасаа үл ухарч, урагшаа тэмүүлсэн бодлого шинэчлэлээ ч энэ цагт хийж хэрэгжүүлэх түүхэн үүрэг бидний өмнө мөн ирээд байна. 2010 онд социалист гэх нэр томьёоноос татгалзан манай холбоо нэрээ өөрчилж байсан бол өнөөдөр бидний хувьд, манай улсад социал демократ үзэл баримтлалаа илүү тодорхойлж дэлхийн аз жаргалын индексээр тогтмол эхний 5 байранд явдаг нордикын орнуудын нийгмийн тэгш боломжийг бий болгож чинээлэг дундаж давхаргыг дэмжих, тэднийг өсөх хөгжихөд дэмжлэг үзүүлэх хүн төвтэй үзэл баримтлалаараа ялгарч хоосон улс төржилт, намчирхлаас ангижирч үзэл бодол итгэл үнэмшил, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах, эв санааны нэгдэл юу юунаас чухал буйг эрхэмлэн, бодлого дээр нэгдсэн дэвшилтэт холбоо болох зорилт руугаа илүү хурдацтай урагшлах нь чухал байна. Намын дэргэдэх залуучуудын байгууллага нь эрх мэдэл, албан тушаалд хүргэх шат гишгүүр бус үзэл санаа, үйл хэргээрээ бодит манлайлагчдыг бэлтгэдэг, тэдгээр манлайлагчдыг хэн нэгэн төрүүлж гаргадаг бус өөрсдөө хүлээн зөвшөөрөгдөж танигдахад нь дэмжлэг үзүүлдэг, салбар бүрийн ирээдүйн эксперт технократуудыг нээж илрүүлж, төрийн бодлого шийдвэрт оролцоход гарц нээж өгдөг шийдэлтэй, шийдвэртэй, шинжлэх ухаанч гаргалгаатай, задлан шинжилж нэгтгэн дүгнэх чадвартай байх нь ирэх он жилүүдийг зөв зүгт хөтлөх нь дамжиггүй ээ.
Өнөөдөр манай орны хөгжлийн чиг хандлага, түүнийг залж чиглүүлж буй төрийн үйл ажиллагаанд цэвэр агаар хэрэгтэй байна. Шударга ёсны салхи сэвэлзсэн, уламжлал болсон ойлголт мэт алдаа дутагдал, эрх мэдэлд шунасан албан тушаалын өрсөлдөөн, түүнээс улбаалсан буруу тогтолцоо, авлига, хээл хахууль, хүний эрхийн зөрчлийг арилгах, хүний үндсэн болон жам ёсны эрхийг хүндэтгэх, эрхэмлэх асуудлыг залуучуудын зүгээс шахаж шаардан үр минь үлдэх хорвоод үнэн амьдрах зарчимдаа нэгдэж цаг үеэ цаг үе нь өөрсдөө өөрчилцгөөе.
Өөрчлөлтийг цаг үе нь өөрсдөө төрүүлдэг. Өөрчлөлт хийх нь ч шинэ үеийн хувиршгүй дуудлага байдаг. Энэхүү ээлжит бус их хуралд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувиар нийгмийн ардчилал буюу олон улсад социал демократ гэх үг хэллэгээр хэрэглэгдэн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёог ашиглах нь холбооны гишүүд залуус бидэнд илүү ойлгомжтой, цар хүрээтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэн холбооны нэрийг Социал демократ залуучууд болгож өөрчлөх саналыг дэвшүүлж байна.
Ямар ч улс орон хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо өнөөгийн нөхцөл байдлаа үнэлж дүгнэж хаана байгаагаа тодорхойлох нь зүйд нийцнэ. Бид хаана байна вэ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 196 орноос 117-д, Өрсөлдөх чадварын индексээр 140 орноос 102-т, Бизнес эрхлэх индексээр 190 орноос 81-т жагсаж байна.
Хэн нэг нь өөрийнхөө амьдралыг сайн сайхан байгаадаа сэтгэл ханаж зөвхөн өөрийн эрх ашгийн төлөөх үзэл бодлоо тулгах бус нийгмийн зонхилох хувьд хүрэх зөв бодлогоо дэмжиж чадсан улс хөгжлийн зөв замд хүрдэг. Өнөөгийн Монгол улсад дундаж давхаргаа дэмжиж дараагийн түвшинд ахиулдаг, нийгэмдээ тэгш боломж, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжтэй, хөдөлмөрчдөө дэмждэг, төлсөн шимтгэлийн үр ашгаа хүртдэг зөв нийгмийг бүтээх нь чухал байна.
МАН 30-р их хурлаараа социал демократ дэвшилтэт бодлогоо зарлан дүрэмдээ өөрчлөлт оруулсан шийдвэрийг бид цаг үеэ олсон зөв шийдвэр гэж үзэж байна. Улс төрийн намууд бодлогоороо өрсөлддөг, иргэд ч итгэл үнэмшлийн хувьд бодлогыг нь дэмждэг, дэмжигдсэн нам ялбал тус бодлого хэрэгжиж байж иргэдийн олонхын дэмжсэн бодлого хөтөлбөр амьдралд биеллээ олно. Либерал үзэлтэй атлаа социал демократ бодлого дэвшүүлдэг, сонгуулийн жил ойртохоор эдийн засагт томоохон хүндрэл авчрах популизм шингээсэн хууль санаачилж батлуулж ард түмний санал авч түүний уршиг нь хойч үед засаж үл болохуйцаар тусахыг бид тэвчих учиргүй. Бодлогоороо өрсөлдөж хөтөлбөрөө дэвшүүлж шинжлэх ухаанч гаргалгаараа өрсөлддөг эрүүл нийгмийг шинэ үе хүсэж байна. Чинээлэг дундаж давхаргыг бий болгох социал демократ үзэл баримтлалаар нэгдвэл улс төрийн аль ч намууд хамтарч ажиллаж болдог, залуучууд нь хөгжлийн төлөө нэгдэж чаддаг шинэ салхийг сэвэлзүүлмээр байна.
Энэ л цаг үеийн шаардлагыг Монгол ардын нам мэдэрч намынхаа их хурлаас Шинэ сэргэлтийн бодлого, Намаас томилогдсон албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн аргачлал сайжруулах дэвшилтэт бодлогын тухай тогтоолуудыг баталсан.
Иймд холбооны ерөнхийлөгчийн хувиар намын их хурлаас баталсан шийдвэрийн дагуу “Шинэ үе-Шинэ сэргэлт” залуусын санаачилга, хөдөлгөөнийг өрнүүлэх санаачилгыг дэвшүүлж, тус санаачилгад өнгөрсөн бага хурлаас гарсан шийдвэрийн дагуу 21 аймаг 9 дүүргийн залуучуудаараа хэлэлцүүлэн зөвлөмжийг үндэслэн Холбооны ээлжит бус их хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөн Та бүхэнд танилцуулах гэж байгаадаа таатай байна. Энэхүү санаачилгын хүрээнд 6 чиглэлүүдэд холбооны бүх гишүүд, тэр дундаа 9 дүүрэг, 21 аймгийн тэргүүлэгчдийг идэвх санаачилгатай ажиллахыг уриалж байна. Тус санаачилгыг гаргахыг угтаж манай холбоо үндэсний хэмжээнд судалгаа хийж “НАМЗХ-ны хөгжлийн хөтөлбөр 30”-ыг батлуулж хэрэгжүүлж байгаа билээ. Тус санаачилгын хүрээнд:
- Хүний эрхийг хангах
- Авлигын эсрэг тэмцэх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын тэнцвэрийг хангах
- Дижитал эдийн засгийг хөгжүүлэх
- Үндэсний дархлааг бэхжүүлэх
- Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх болно.
Эдгээр чиглэл бүрд тухайн салбартаа нэр хүндтэй, манлайлагч нарыг тодруулж одоогоос жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилгыг нь хэмжиж, холбооны бүх гишүүдээр үнэлж дүгнэн, хамтарч ажиллах саналыг дэвшүүлж байна.
Манай холбоо нь улс орны шинж чанартай асуудлуудаар үзэл бодлоо илэрхийлэх, зөв зүйтэй гарц гаргалгааг санаачилж, намын удирдлагуудад санал болгох, цаашилбал хариуцлагагүй, шударга бус үйлдлийн эсрэг эрүүл шүүмж хэлж, шаардаж мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад манлайлж ажиллах хэрэгтэй.
Улсын Их Хурлын гишүүн
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
Ням-Осорын УЧРАЛ
Эх сурвалж. ikon.mn