Истанбул-Улаанбаатар чиглэлийн анхны шууд нислэгийн тийзийн тусгай үнэ хоёр талдаа 2,070,000₮ байна
МИАТ ТӨХК энэ сарын 6-наас Турк улс руу шууд нислэг хийх гэж буйгаа мэдэгдээд байгаа.Тэгвэл нислэгийн тийзийн үнийн талаарх мэдээллийг өгсөн байна. Улаанбаатараас эхлэлтэй хоёр талын нислэгийн тийзийн үнэ 2,650,000₮-өөс эхэлж байгаа бөгөөд нислэгийн суудал дүүргэлтээс хамааран өөрчлөлт орох аж.
Истанбулаас эхлэлтэй дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн анхны нислэгийн тусгай үнэ нэг талдаа 1,025,000 ₮, хоёр талдаа 2,070,000₮ байна хэмээн тус компаниас мэдээлэв. Харин валютын ханшийн зөрүүнээс шалтгаалан тийзийн үнэд өөрчлөлт орох магадлалтайг анхаарууллаа.
Улаанбаатар-Истанбул чиглэлийн шууд нислэг долоо хоног бүрийн Лхагва гарагт хийгдэх бөгөөд Улаанбаатар хотоос 9 орчим цаг нисээд хүрэх юм байна.
Истанбул нь хотын бөөгнөрөл, улсынхаа эдийн засаг, соёл, түүхт үйл явдлын төв бөгөөд Турк улсын төдийгүй Европ тивийн хамгийн том хотод тооцогддог бөгөөд дэлхийн самрын зах зээлийн 70%-ийг дангаар нийлүүлдэг аж.
А.ЭНХЖИН