“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтуудыг дэвшүүлсэн.
Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлт”-ийг тодорхойлж, цаашид “Орон нутгийн аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын тусламжтайгаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ” гэдгийг цохон тэмдэглэсэн байдаг.
Иймээс өнөөдөр /2022.04.04/ БОАЖ-ын сайдын ивээл дор Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ)-ноос санаачлан Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв (АЖХТ)-тэй хамтран “21 аймгийн аялал жуулчлалын холбоодын үндэсний чуулган”-ыг анх удаагаа зохион байгуулж байна.
Чуулганд БОАЖЯ, НАЖГ, АЖХТ, МАЖХ мөн 21 аймгийн БОАЖГ болон аялал жуулчлалын холбоодын нийт 120 гаруй төлөөлөл оролцож байна.
“Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлого”-д орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, БОАЖЯ болон МАЖХ-той хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхэд тус чуулганы зорилго оршиж буй юм.
Г.ОЮУНТУЯА