Хааны ордноос Харри болон Меган Маркл нарын дуулиант ярилцлагад тайлбар хийжээ
Хатан хаан Элизабетийн нэрийн өмнөөс Букингемийн ордон CBS сувгаар гарсан дуулиант ярилцлагад тайлбар хийлээ.
Уг дуулиант ярилцлага нь хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзсан Сассексийн гүн Харри түүний эхнэр Меган Маркл нар хөтлөгч Опра Уинфригийн нэвтрүүлэгт оролцож ордны амьдралын тухай бараан түүхээсээ хуваалцсан юм.
Хатан хааны мэдэгдэлд ,
“Сүүлийн хэдэн жил Харри, Меган нарт ямар хүнд хэцүү байсныг бүрэн дүүрэн ойлгож мэдэрлээ. Мөн болсон хэрэг явдалд бүх гэр бүлийнхээ өмнөөс харамсаж байна. Ярилцлагад хөндөгдсөн асуудлууд, ялангуяа арьс өнгөөр ялгаварлах үзэл сэтгэл түгшээж байна. Зарим мэдэгдлүүд бодит байдал дээр тохиолдсон зүйлээс өөр байж болох ч бид эдгээрийг маш нухацтай авч үзнэ. Мөн гэр бүлийн асуудал тул хувийн журмаар шалгаж үзэх болно” гээд Харри, Меган, Арчи нар үргэлж хааны гэр бүлийн гишүүд хэвээрээ байх болно хэмээн онцлон тэмдэглэжээ.
Ярилцлагын үеэр Меган Маркл хааны гэр бүлд байх үедээ сэтгэл санаагаар унан, амиа хорлох талаар бодож байснаа ярьжээ.