Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл өгч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын хугацаанд ачаа тээвэр удааширсан нөхцөл байдлаас шалтгаалж, дэлхийн эдийн засаг тэр чигтээ хямраад байна. Цаашлаад дэлхий дээр хүнсний хомстол үүсэж магадгүй нөхцөл үүссэнийг НҮБ-аас мэдэгдлээ. Ханшийн зохицуулалттай холбоотой зарим арга хэмжээг хуулиар авах нөхцөл үүссэн.
Өнөөдрийн хувьд Засгийн газраас дангаар шийдэж чадахгүй заавал УИХ-аар орж хэлэлцдэг. Монгол Улсын Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд туслах нөхцөлд хүрлээ. Манайд одоогоор 3.2 тэрбум ам.долларын валютын нөөц бий. Тиймээс зарим нэг валютын төлбөр болон бусад хилээр гаргах асуудал дээр хяналт тавих шаардлага үүссэн.
Мөн татан авах валютын графикийг наашлуулахгүй бол Монголбанк дангаараа хүчин мөхөстөж байна. Биднээс хамаарахгүй байгаа зүйл өнөөгийн нөхцөл байдлын 70-аас дээш хувийг эзэлж байна. Олон улсын нөхцөл байдалд хүч мөхөстөж байгаа тул Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ үед Засгийн газартай хамтран ажиллахыг хүсэж байна. Бид зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэнэ” гэв.
О.ЭРДЭНЭ