Мариуполь хотын 90 хувь балгас болжээ
Украин улсын баруун өмнөд хэсэгт байрладаг Мариуполь хот ОХУ-ын цохилтын улмаас 90 хувь нь балгас болсон хэмээн тус хотын дарга Вадим Боиченко даваа гарагт (2022.04.04) мэдэгджээ. Боиченко хэвлэлийн бага хурлын үеээр “Харамсалтай мэдээ нь юу вэ гэвэл хотын дэд бүтцийн 90 хувь нь сүйрч, 40 хувийг нөхөн сэргээх боломжгүй болсон” гэж хэлсэн байна.
Азовын тэнгисийн ойролцоо байрладаг тус хотод дайн эхлэхээс өмнө хагас сая хүн амьдардаг байжээ. Харин одоогийн байдлаар 130 мянган хүн тус хотоос гарч чадахгүй, гацсан байдалтай байгаа юм. Хотоос гарч чадахгүй байгаа иргэдийн талаар Боиченко “Бид үлдсэн иргэдийг нүүн шилжүүлэхээр төлөвлөж байгаа ч өнөөдрийн нөхцөлд чадахгүй нь” хэмээжээ. Энгийн иргэдийг нүүн шилжүүлэх ажил саатсан явдалд ОХУ болон Украины талууд бие биенийгээ буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: Times Of Israel
Б.БУЯНДОРЖ