Танхимын сургалт эхлэхэд нэг ангид суух сурагчийн тоо 15-25 байна
ЕБС-ийн танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа билээ.
Цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийн үр дүн тодорхой болно хэмээн үзэж танхимын хичээл эхлүүлэх хугацааг дөрөвдүгээр сарын 1-н гэж товлосон. Харин тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргах ажээ.
Одоогийн байдлаар БШУЯ-ны Ерөнхий Боловсролын газар танхимын хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэх бэлтгэл ажилтай холбогдуулан энэ сарын сүүлийн хагаст тус сургуулиудыг бүрэн чөлөөлж, ариутгал халдваргүйтгэлийг хийх чиглэлээр заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
Мөн багш нар мэргэжлийн бүлэг сүлжээгээрээ дамжуулан ямар суурь агуулгад тулгуурлаж хичээлээ удирдан зохион байгуулах, энгийн горимдоо хэзээ шилжих гээд бүх мэдээллээ авсан байна. Боловсролын соёл шинжлэх ухааны сайдын цар тахлын голомттой үед хичээл сургуулийг эхлүүлэхэд баримтлах А/58 дугаар тушаалаар баталсан “ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журам”-ын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд анги танхимын хэмжээнээс хамаараад нэг ангид суух сурагчдын тоо 20±5 гэсэн байдлаар зохицуулжээ.
Нийслэлийн төрийн өмчийн сургуулиудын бүлэг дүүргэлт 36.9, ээлжийн коэффициент 1.9 байдаг буюу хоёр ээлжээр хичээллэдэг ачаалал өндөр байдаг учраас танхимын болон танхимын бус хичээлийг хосолсон байдлаар явуулна.
Мөн хоёр ээлжээр хичээллэхэд сурагчдыг 750, 750-аар нь хуваан, бөөгнөрлийг багасгахын тулд сургуулийн давхар хоорондын ангиудад тараан хичээллүүлэх гэх мэт зохицуулалтыг түр журамд багтаажээ.
Нийслэлийн боловсролын газраас өгч буй мэдээллээр 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс цар тахал тархаж, боловсролын байгууллагуудын байрыг ПСР шинжилгээ авах цэг болгосноос хойш нийт 81 цэцэрлэг, сургуулийн байрыг ашиглажээ. Одоогоор 13 сургуулийн байрыг шинжилгээний цэг болгон ашиглаж байна. Танхимын хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэх бэлтгэл ажилтай холбогдуулан энэ сарын сүүлийн хагаст тус сургуулиудыг бүрэн чөлөөлж, ариутгал халдваргүйтгэлийг хийх чиглэлээр заавар зөвлөмж өгч ажиллаж байна.