Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Киев хотод гэнэтийн айлчлал хийлээ
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон дайны нөхцөлд байгаа Украины нийслэл Киев хотод урьдчилж мэдэгдэлгүйгээр айлчилжээ.
Тэрээр Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах үеэрээ Жонсон зэр зэвсгийн шинэ тусламж үзүүлэхээ амлажээ.
Баасан гарагт Британийн засгийн газар 100 сая фунт стерлингийн үнэ бүхий өндөр технологийн зэвсгийг Украинд нийлүүлэх шийдвэрийг зарлаад байсан юм. Үүнд нь агаарын довтолгоог эсэргүүцэх Starstreak пуужингийн системүүд, 800 ширхэг танк эсэргүүцэх пуужингийн систем багтаж байв. Тэгвэл Жонсон айлчлалынхаа үеэр 120 хуягт тэрэг, тэнгисийн довтолгооноос хамгаалах шинэ системийг нэмж нийлүүлэх болсноо Зеленскийд дуулгажээ.
Мөн Жонсон эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ амлахдаа Дэлхийн Банкны $500 саяын зээлд баталгаа олгож, Их Британиас Украинд олгох зээлийн баталгааг $1 тэрбум хүргэхээ мэдэгдсэн байна.
“Өнөөдөр би ерөнхийлөгч бөгөөд найз Зеленскийтэй Киев хотод уулзаж, Украины ард түмнийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийллээ. Оросын харгис түрэмгийлэгчидтэй тэмцэж буй тус улстай эв санааны нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл болгож санхүү, зэр зэвсгийн шинэ тусламжаа бид үзүүллээ” гэж Борис Жонсон твиттер хуудсандаа мэдээлжээ.
Тэрбээр уулзалтын дараа гаргасан мэдэгдэлдээ “Украин улс саад бэрхшээлийг даван туулж, Оросын цэргийг Киевийн хаяанаас буцааж чадсан нь 21 дүгээр зууны цэрэг дайны хамгийн аугаа ололт амжилт байлаа. Энэ бол ерөнхийлөгч Зеленскийн тууштай удирдлага, Украины ард түмний дийлдэшгүй баатарлаг эр зоригийн үр дүн юм” гэсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Г.ОЮУНТУЯА