Монгол Улс хилээ нээхэд бэлтгэж, зорчигчдыг тусгаарлах журмыг тодорхой болгоно
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгоно гэж мэдээллээ.
Мөн 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах юм байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр яригдсан бусад мэдээллүүд:
- “Дархан арьс, ширний цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 30 орчим хувьтай байна. 2024 онд ашиглалтад орсноор жилд 10 сая ширхэг арьс, шир, 10 мянган тн ноос болон тодорхой хэмжээний ноолуур, желатин үйлдвэрлэх 14 үйлдвэр ажиллаж, 2,500 орчим ажлын байр бий болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 148 сая ам.долларын борлуулалт хийх тооцоо гарчээ.
- Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймагт төмс, хүнсний ногооны иж бүрэн болон хагас автомат, нийт 8,500 тн багтаамжтай долоон агуулах барихаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд 220 гаруй мянган тн багтаамжтай 10 гаруй мянган зоорь, агуулах бүртгэлтэй байна.