Б.Батсайхан: Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хамааралтай компани хууль бусаар ашигт малтмал олборлож байна
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компанийн хууль бус тусгай зөвшөөрлийн талаар “Эм Эр Ар Ай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, геологич Б. Батсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Одоогоос есөн жилийн өмнө буюу 2013 онд хууль бусаар, сонгон шалгаруулалтгүй олгогдсон 100 гаруй лиценз шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байдаг. Шүүхийн шийдвэрүүдээр нийтдээ 108 тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүй олгосон нь хууль бус гэж үзэж, улмаар зөвшөөрлийг цуцлан улсын мэдэлд буцаан олгоод, тус зөвшөөрлүүдийг олгосон нэр бүхий албан тушаалтан, түүний холбогдох хүмүүст хариуцлага тооцож, шийтгэл оногдуулсан байдаг. Тэр үед манай компанийн ч ашигт малтмал хайгуулын гурав, ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл цуцлагдаж байв.
Улмаар 2014 онд албан тушаалтнуудын буруугаас болж, зөвшөөрлөө цуцлуулж, хохирсон хуулийн этгээдүүдийн хохирлыг барагдуулахын тулд Засгийн газраас тухайн 108 тусгай зөвшөөрөл дээр дахин сонгон шалгаруулалт явуулах журмыг гаргасан. Үүний дагуу манай байгууллага сонгон шалгаруулалтад ороод хайгуулын гурван тусгай зөвшөөрлөө сэргээсэн. Харин ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад орж чадахгүй явсаар долоон жил боллоо. Энэ хугацаанд бид шүүхийн шийдвэр гарчхаад байхад тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй хэд, хэдэн компани байгааг олж мэдсэн. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компанийн 15192 дугаарт зөвшөөрөл байгаа юм. Тухайн компанийн тусгай зөвшөөрөл 2013 оны шүүхийн шийдвэрээр цуцлагдсан ч одоо бүр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр төмрийн хүдэр олборлож байна.
Түүнээс гадна, 2009 онд Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн тогтоолоор одоогийн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын шууд хамаарал бүхий компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байдаг. Энэ тухай 2013 оны шүүхийн шийдвэрүүдийн шийтгэх тогтоолд дурдсан бий. Гэтэл тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, одоог хүртэл нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж байна” гэв. Мөн тэрбээр “Шүүхийн шийдвэрүүдэд дурдагдсан бүх хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, дахин сонгон шалгаруулалт явуулсан. Гэвч одоогийн УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний хамаарал бүхий хоёр компани ямар ч сонгон шалгаруулалтад ороогүй, тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй үйл ажиллагаа явуулж байгаа. Бид энэ талаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч үүнийг үл ойшоосон учраас Давж заалдах шатны шүүхэд хандахаар бэлдэж байна” гэсэн юм.