СУРВАЛЖИЛГА: Коронавирусийн вакцин хийлгэснээс хойш 3 хоног архи, согтууруулах ундаа хэрэглэж БОЛОХГҮЙ
Коронавирусийн халдварын эсрэг хүн амаа дархлаажуулах ажил өчигдрөөс эрчимжээд байна. Эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, боловсролын байгууллагын ажилтан, багш нар, Улаанбаатар цахилгаан түгээх, Тохижилт үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах, Дотоод хэргийн их сургууль, худалдаа үйлчилгээ эрхлэгчид вакцинд хамрагдаж байгаа.
Иргэд олон нийтийн дунд явуулсан тандалт судалгаагаар 50 хувь нь вакцин хийлгэхэд татгалзах зүйлгүй гэжээ. Гэвч нөгөө талаас вакцин хийлгэхээс өмнө, хойно юуг анхаарах, биеэ хэрхэн бэлдэх, ямар дэглэм сахих талаар мэдээлэл хомс байгаа юм. Тиймээс ivoice.mn сайтын сурвалжлах баг вакцинжуулалт хийж буй зарим цэгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Бид эхлээд Сүхбаатар дүүргийн түр дархлаажуулалтын цэг буюу Хүүхдийн ордонд очсон юм. Тус цэгт “Оргил”, “Номин” сүлжээ дэлгүүрийн ажилтнууд, зах худалдааны төвийн худалдаа эрхлэгчид дархлаажуулалтад хамрагдаж байлаа. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч С.Оюунгэрэлээс зарим асуултад хариулт авлаа.
-Дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өгөөч?
-Нэг цэгт өдөрт дунджаар 600-800 хүн хүлээн авч дархлаажуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Зайлшгүй хамрагдах ёстой иргэд Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 50821 байгаагаас өнөөдөр буюу 3 дугаар сарын 10-ны байдлаар зах, худалдааны төвүүдийн ажилчдыг хамруулж байна. Дархлаажуулах цэгт ажиллах хүн хүчийг дүүрэг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хариуцан хүмүүсээ хуваарилан ажиллуулж байгаа. Одоогоор ачаалал хэтэрсэн асуудал байхгүй. Хэвийн үргэлжилж байна.
-Иргэд вакцин хийлгэхийн өмнө, хойно юуг анхаарах, хэрхэн биеэ бэлдэх талаар мэдээлэл өгөөч?
-Вакцин хийлгэхийн өмнөх өдөр, хийлгэснээс хойш 3 хоногийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх шаардлагатай. Мөн хэт их халуун ногоо болон чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх , тэжээллэг хоол хүнс хангалттай хэрэглэж, унтаж амарсан байх хэрэгтэй. Вакцин хийлгэсний дараа тухайн газартаа ус хүргэж, норгохгүй байх шаардлагатай. Хэрэв эсрэг нөлөө үзүүлж, халуурч, эрүүл мэндийн хэвийн байдал алдагдсан тохиолдолд 103 дугаарт хандан зөвлөгөө авах боломжтой.
Урьдчилан сэргийлэх үүднээс вакцин тариулахаас өмнө нь болон дараа нь даралт, зүрхний цохилт шалгаж, 15 минут орчим хяналтын өрөөнд байлгаснаар биеийн хэвийн байдлыг бататгаж гаргаж байгаа. Даралт хэлбэлзэж, эмийн бүтээгдэхүүн хэрэглэж буй хүмүүс үргэлжлүүлэн эм тариагаа хэрэглэх боломжтой. Харшлах эмийн бодис байхгүй. Одоогоор вакцинаас болоод биеийн байдал муудсан, аливаа өвчин сэдэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
-Сайн дураар дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг хэзээнээс хүлээн авах вэ?
-Дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах иргэдийг 2 дугаар сарын 23 өдрөөс эхлэн хамруулж эхэлсэн бөгөөд 3 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар эмнэлгийн ажилчид 13962, дүүргийн онцгой байдлын 1219 ажилчид, цагдаагийн байгууллагын 2862 ажилчид, Мэргэжлийн Хяналтын байгууллагын 146 ажилчид, хороо багийн 1238 ажилчид, 59-64 насны иргэдээс 69, сртатеги ач холбогдол бүхий байгууллагын 1350 ажилтан гээд нийслэлийн хэмжээнд 20973 иргэдийг хамруулсан байна. Харин 3 дугаар сарын 9-ний өдөр 11173 хүнийг эхний тунд хамруулсан байна.
Өнөөдрийн буюу 3 дугаар сарын 10-ны 11:00 цагийн байдлаар нийт 20300 гаруй хүнийг хамруулаад байна. Ингээд үзэхэд нийтдээ 30000 гаруй иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Энэ хурдаараа явбал 7 дугаар сарын эхээр нийт иргэдийн 90 гаруй хувийг хамруулах бүрэн боломжтой” гэлээ.
ИРГЭД ВАКЦИНД ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА Ч АЖЛАА ЯВУУЛАХЫН ТУЛД ТАРИУЛЖ БАЙНА ГЭВ
Бидний дараагийн очсон газар бол Баянгол дүүргийн 40 дүгээр сургуульд байрлах дархлаажуулах цэг. Тус цэгт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд вакцин хийлгэж байв. Олон хүн нэг дор цугларнаас хүн хоорондын зай барих дэглэм алдагдаж, эмх замбараагүй нөхцөл үүсчээ.
Зарим нь хоорондоо үл ойлголцон маргалдаж байв. Цагдаагийн албан хаагчид зураг авахыг хориглож, эмч ажилтнууд “Нэгдсэн журмаар мэдээлэл өгнө” гэснээр дотогш нэвтрүүлсэнгүй.
Иргэд вакцины аюулгүй байдал, чанарт эргэлзэж байгаагаа хэлж байв. Гэсэн хэдий ч худалдаа, үйчилгээгээ явуулах шаардлагатай учир вакцин хийлгэхээс аргагүй гэцгээх аж.
Баянгол дүүргийн 40-р сургууль дээрх нөхцөл байдал 2021.03.10 14:00 цагийн орчим
Вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог учир иргэд заавал хоёр тун тариулах ёстой гэдгийг эмч нар учирлаж байлаа. Нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 42 цэгт дархлаажуулалт явагдаж байна. Үлдсэн 40 гаруй цэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж маргаашаас 2021.03.11/ иргэдийг хүлээн авахаар төлөвлөжээ.
П. УНДРАХ
Margaashnaas oochirlood baij dee tumen olon mine