ТЦА: Сүхбаатарын талбайгаар давхисан жолооч согтуу байсан
Өчигдөр буюу 2022.04.11-ны өдрийн 12:50 цагт Сүхбаатар дүүрэг 6-р хорооны нутаг дэвсгэр “Сүхбаатарын талбайн” төв хэсэг рүү улаан өнгийн Toyota Aqua маркийн автомашин нэвтрэн орсон хэрэг гарсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас үйлдлийг таслан зогсоож шалгахад жолооч П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал:
Согтолтын зэргийг шалгахад 1.77 хувийн согтолттой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулж, холбогдогчийг эрүүлжүүлээд байна. Тус зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд холбогдогч жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 з/-д заасан …, тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), …., хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, …, гэсэн жолоочид хориглосон заалтыг зөрчсөн байх тул та бүгд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, бусад хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.