Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уул болон Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.
Ажлын хэсгийн гишүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах, шинээр улсын тусгай хамгаалалтад авах газар нутагтай танилцах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.
Энэ хүрээнд ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг энэ сарын 09-ний өдөр Дундговь аймагт ажиллалаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 25 хувь хүргэх зорилт тавьсан.
Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд 2030 онд нийт нутгийн 30, 2040 онд 33, 2050 онд 35 хувьд хүрэх зорилт тавьсан бөгөөд ингэснээр 8.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний үр өгөөж алдагдахаас урьдчилан сэргийлнэ гэж тооцжээ. Ингэхдээ ашиглахаас илүүтэй хамгаалах чиглэлийг баримталж, жилд дунджаар нэг хувиар өсгөж тооцоход 1.5 сая га талбайг тусгай хамгаалалтад авна.