Чинээлэг Оросууд “Chanel”-ийн цүнхээ хайчилж байхад энгийн иргэд зутарж байна
“Chanel” гаднын орнуудад амьдарч буй Орос үйлчлүүлэгчдэд бараа худалдаалахгүй гэсэн шийдвэр гаргасны дараа ОХУ-ын баян инфлюенсэрүүд тус брэндийн цүнхээ хайчилж буй бичлэгээ нийтлэх болсон. Оросын алдартай модель Виктория Боня брэндийн цүнхээ хайчилж байгаа бичлэг хийж интернет дээр байршуулсан.
Мөн телевизийн хөтлөгч, жүжигчин Марина Ермошкина цүнхээ урж буй бичлэгээ “Нэг цүнх байтугай юу ч миний эх орноо гэх сэтгэлээс илүү үнэ цэнтэй биш” гэсэн тайлбартай бичлэг Инстаграм хуудас дээрээ байршуулсан байна. Эдгээр олны танил, чинээлэг Орос хүмүүст эдийн засгийн хориг, үүний улмаас үүссэн инфляцын дарамт нэг их асуудал биш. Харин энгийн Орос иргэдэд нөхцөл байдал бол өөр хэрэг. ОХУ-д Украины дайныг эсэргүүцэж жагсаал хийсэн 4,888 хүн баривчлагдсан байна.
“Capital Economics” фирмийн эдийн засагчид 2022 онд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн хоригуудын улмаас 12 хувиар буурна хэмээн тооцоолжээ. “Moscow Times”-д мэдээлснээр гуравдугаар сард ОХУ-ын инлфяцийн түвшин 16 хувь хүрсэн байна. Энэ нь 2015 оноос хойш байгаагүй үзүүлэлт аж. Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон “Goldman Sachs” ОХУ-ын эдийн засаг 2022 онд 10 хувиар буурна гэж үзэж буй. Харин Олон улсын санхүүгийн хүрээлэн ОХУ-ын ДНБ 15 хувиар багасна гэж тооцоолжээ. “Daily Mail” сайтад мэдээлснээр импортын барааны үнэ хоёроос гурав дахин нэмэгдсэн байна.
Эх сурвалж: New York Post, CNBC, Daily Mail
Б.БУЯНДОРЖ