С.Бямбацогт: Ард иргэддээ “Гайгүй байна, болж байна” гэж худал хэлэх хэрэггүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн. Ард иргэддээ “гаагүй байна, болж байна, бүтэж байна” гэж худал хэлж хүлээлт үүсгэхгүйгээр нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч хэрхэн шийдвэрлэх, хохирол багатай хэрхэн давах туулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Олонх нь цөөнхөө даапаалаад, цөөнх нь олонхио шүүмжлээд, алдаа хийдлээ аль нэг рүүгээ чихээд ард нь гарахгүй.
Монгол Улс, монголчууд бид бүгдээрээ л нэг зорилготой, нэг л жаргал зовлонтой гэдгээ ухаарах цаг. Хоёр хөрш маань нэг нь цар тахлын нөхцөл байдлаас үүдээд хөл хориотой, нөгөө нь дайны байдлаас болоод олон улсын хоригт орчихлоо. Үүнээс үүдээд дунд нь байдаг бид хоригийн хоригт орчихлоо.
Энэ нөхцөл байдлыг хэрхэн, зөв, бага эрсдэлтэй давах вэ гэдэг дээр өнөөдөр байгаа нөхцөл байдлаа зөв үнэлж дүгнэж анхаарч ажиллах тал дээр анхаарах нь зүйтэй. Дэлхийн зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдол, валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал, тээвэр ложистикийн гацаа бидэнд давхар цохилт болж байна.
Тиймээс хүнсний, шатахууны, бараа бүтээгдэхүүний хангалттай хэмжээний нөөц бүрдүүлж, илүү эрсдэлд орохоос эртнээс сэргийлэх ёстой. Стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний буюу гурил, будаа, элсэн чихэр, эм хангамжийн нөөц бүрдүүлэх асуудалд анхаарах ёстой. Энэ чиглэлд худалдаа, бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжийн татвараас хөнгөлөлтийн асуудал дээр бодлогын асуудал яригдсан болов уу.
Хувийн хэвшилд буй нөөцийг төр худалдаж аваад, эргэлтийн хөрөнгийг нь суллаад өгөх юм бол цаана нь дахин татан авалт, дахин худалдан авалт хийгдэж Монгол Улсын нөөц 2 дахин нэмэгдэх бодит бололцоо байна” гэлээ.