Автомашин андуурч сууснаас өөр суманд очсон 10 настай хүүхдийг эсэн мэнд олжээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагийн орчим “бага насны хүүхэд хичээлдээ явна гэж гараад сураггүй болсон” тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 01:57 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10 настай эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг 02:56 цагаас зохион байгуулах явцад дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 07:20 цагт тус аймгийн Галуут сумын Соёлын төвийн үйлчлэгч Ц ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож, тухайн хүүхэд 04.13-ны өдрийн 19:00 цагийн орчим Галуут суманд ирсэн тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. (Тухайн хүүхдийн гэр Эрдэнэцогт суманд байдаг бөгөөд Баянхонгор суманд хамаатныдаа түр амьдарч, сургуульд явдаг байсан байна. Эрдэнэцогт сум дахь гэр рүүгээ явах гэж автомашин андуурч суугаад Галуут суманд очсон байна.)