|

Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав.

 

Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагдсан. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосон байдаг. Энэ дагуу 2017 оны гуравдугаар сард байгуулагдсан “Сити баз консалтинг” ХХК-тай наймдугаар сарын 18-нд гэрээ байгуулжээ. Гэрээ есөн зүйл, заалтаас бүрдсэн бөгөөд дөрвөн удаа гэрээг сунгаж, өөрчлөлт оруулсан байна. Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш орлого жил бүр буурчээ. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэсэн үг юм. 2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ. Гэсэн атлаа нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өсжээ. 2015 оноос хойш 360 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна.

 

 

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам дүгнэдэг ч хангалттай, бүрэн хангалттай гэж дүгнэдэг. Үзүүлэлтийг дүгнэх дүрэм, журам байдаггүй. Шүүхийн шийдвэр энэ гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж гарсан ч одоог хүртэл гэрээ үргэлжилж байгаа юм. Тус компанид гэрээ байгуулсан цагаас хойш 17.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн орлогоос өгчээ. Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн боловч төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй байна. Иймээс гэрээний хэрэгжилт бүрэн биелээгүй тул гэрээг цуцлах саналыг Ажлын хэсгээс гаргалаа.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг нэг тийш шийдэх цаг болсон гэдгийг тодотгоод, нийтийн тээврийн хотоос мөнхийн татаастай байдлыг цэгцэлж, зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байгааг онцолж байв. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус гэрээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цуцлахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болгов.

Хорооллуудын орц, гарц гаргах асуудлыг зөвшилцөн шийдэхээр болов

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гүүрний зүүн хойд хэсэг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хойд талын орон сууцны хорооллуудын орц, гарцыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш таван удаа тухайн газар очиж ажиллан, хэмжилт хийж, иргэдтэй уулзаж, орц, гарцыг шийдвэрлэхээр тохиролцжээ.

 

 

Олимпын гудамжид гүүрэн байгууламжийг барих явцад баруун тийш Нарны зам руу нийлж буй рамп нь “Тохилог өргөө”, “Апартмент-145”, “Дэлгэр худаг” СӨХ-ны оршин суугчдын орц, гарцыг хааж барьсан тул Юнескогийн гудамж руу нийлэх орц, гарцгүй болсон. Үүнийг шийдэхийн тулд зайлшгүй орц, гарц нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

 

 

Хотын дарга энэ үеэр Олимпын гүүрний явган гарцыг зургадугаар сард багтаан дуусгахыг санууллаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх хотхонуудын орц, гарц гаргах боломжит газар болох  “Эрэл” ХХК-ийн эзэмшил газрын урд хэсгийн 7 метр газрыг чөлөөлөх ажлыг тус компанитай зөвшилцөн зохион байгуулахыг үүрэг болгов.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *